П.Анужин, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Б.Саранчимэг нар "тойргоо сольж" 2024 оны УИХ-ын сонгуульд хот, хөдөөд нэр дэвшиж байна

П.Анужин, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Б.Саранчимэг нар "тойргоо сольж" 2024 оны УИХ-ын сонгуульд хот, хөдөөд нэр дэвшиж байна

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлт даваа гарагт /2024.06.13/ болж, орон даяар үргэлжилж байна. Энэ удаагийн сонгууль холимог системээр том тойрогт явагдаж буйгаараа онцлогтой бөгөөд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг сонгох юм. Эдгээрээс 78 гишүүнийг мажоритар буюу тойргоос үлдсэн 48 -ийг жагсаалтаас сонгоно. 

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 1336 хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Тэгвэл эдгээрээс тойргоо сольсон нэр дэвшигчдийн мэдээллийг хүргэж байна. Өөрөөр хэлбэл, хоёроос гурван удаа төлөөлж, УИХ-д ажилласан тойргоо энэ жил хэн, хэн солив.

Эрх баригч МАН-аас УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Саранчимэг нар тойргоо сольсон байна.

Н.Учралын хувьд улс төрийн шийдвэр, намын бодлогоор Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга болж улмаар Сүхбаатар, Чингэлтэйн 10 дугаар тойрогт нэр дэвшиж байна. Учир нь орон нутгийн сонгуулиар тус дүүрэгт Ардчилсан нам олон жил ялалт ирсэн. Тиймээс Н.Учралын нэр хүнд, хийх ажлыг энд ашиглаж МАН ялдаг болохын тулд түүнийг ийш явуулсан гэж буй. Түүний хувьд Сонгинохайрхан дүүргээс 2016, 2020 оны УИХ-д сонгогдон ажилласан юм.

Харин П.Анужингийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажилласан ч энэ жил Соёлын сайд Ч.Номинд квотоо алдаж зүүн бүс буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт нэр дэвшиж байна. Ч.Номинд квотоо алдсанаас илүүтэй түүний рейтинг Сонгинохайрхан дүүрэгт муу, дахин нэр дэвших боломжгүй байсан гэдгийг эх сурвалжууд хэлж буй. Өөрөөр хэлбэл, тэрбээр өнгөрсөн хугацаанд тойрогтоо ажиллаагүй, иргэд сонгогчидтойгоо эргэх холбоотой байгаагүй нь түүнийг зүүн бүсэд илгээхэд хүргэжээ. Эдгээрээс гадна УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хоёр ч удаа сонгогдсон Баянзүрх дүүргээ орхиод говийн бүсийг зорив. Түүнийг өнгөрсөн дөрвөн жилд тус дүүрэгт олигтой ажиллаагүй, очиж уулзаа ч үгүй, шинээр ямар ч ажил хийгээгүй гэдгийг тойргийнхон нь хэлдэг. 

Эрх баригч намаас тойргоо сольсон гишүүдийн тухайд ийм байгаа бол Ардчилсан намаас Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар тойргоо сольжээ. Тэдний тухайд өмнөх сонгуулиар Орхон аймагт бие даан өрсөлдөж ялалт байгуулан УИХ-д ажилласан байдаг. Тэгвэл тэд энэ удаагийн сонгуулиар тойргоо сольж Н.Алтанхуяг л гэхэд Сонгинохайрхан дүүрэгт, С.Ганбаатар хангайн бүсэд өрсөлдөж байна. Эдгээрээс гадна Баянхонгороос хэдэнтээ УИХ-д сонгогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Баянзүрхээс гурав дарааллан сонгогдсон Ж.Батзандан нар мөн тойргоо сольж хойд бүсэд очжээ. Улс төрд нэг хэллэг бий нь тойрогтоо очих нүүргүй хүмүүс нь сольж, нэрээ дэвшдэг гэх. Тэгэхээр дээрх нэр дэвшигчдээс улс төрийн бодлогоор сольсон нэг нь байхад очих нүүргүй нь ч бас байна.