Ж.Отгонбаяр: Хогтой гудамж, хоосон амьдралаас залхсан залуус хүний нутагт хар ажил хийхээр дугаарлаж байгааг өөрчлөх ёстой /ВИДЕО/

Ж.Отгонбаяр: Хогтой гудамж, хоосон амьдралаас залхсан залуус хүний нутагт хар ажил хийхээр дугаарлаж байгааг өөрчлөх ёстой /ВИДЕО/

Isee.mn мэдээллийн сайтаас бэлтгэн хүргэдэг “ШУГАМ” нэвтрүүлэгт УИХ-ын 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ж.Отгонбаяр уригдан оролцлоо. Түүнтэй бид нэр дэвшиж буй Сонгинохайрхан дүүргийн өнөөдрийн амьдрал. Өнгөрсөн онуудад сонгогдсон гишүүдийн хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлаа.

ВИДЕО:

Тэрбээр “Ардын намын дарга нарын амьдрал цагаан ордон шангрилла хоёрын хооронд л үргэлжилж байна. VIP өрөөнд нь өдрийн хоолоо иддэг амьдралтай. Үндсэндээ хогтой гудамж, хоосон амьдралаас залхсан залуус нь хүний нутагт хар ажил хийхээр оочерлож байна. Идэхээс өөр иш шидгүй болчихсон дарга нарын эхнэр хүүхдийн цайны мөнгө нь миний, ард иргэдийн нэг сарын цалинтай тэнцэж байгаа. Бид энэ зүйлийг л өөрчлөх ёстой. Сонгинохайрхан дүүрэгт албаар ядуу байлгах гэдэг МАН-ын бодлого хэрэгждэг. Тэд “Баялагтаа эзэн Монгол, багаар нь дэмжээрэй” гэж гарч ирсэн ч буцаад харах нүүргүй болж, юу хийлгүй алга болсон. Тиймээс бид энэ сонгуулиар дайчин, боловсролтой баг бүрдүүлж тус дүүргийнхний алдагдсан 8 жилийн 4 жилд нөхөж ажиллахаар зорьж байна” гэсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Яагаад та Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших болов. Тэр дүүрэгт амьдрал ямар байгаа вэ?

-Сонгинохайрхан дүүргийг МАН-ын цөм дүүрэг гэж ярьдаг. Ерөнхийдөө сонгуулийн технологид зориулж  40 мянган хүнийг мөнгөөр сэтгэлзүйн дарамтад оруулж байгаа дүүрэг юм байна лээ. Албаар ядуу байлгах байлгах бодлого гэж яриад байдаг тэр өөр дүүргүүдэд байхгүй байж магадгүй. Харин Сонгинохайрхан дүүрэгт байгаа. Миний хувьд АН-ын дарга Л.Гантөмөр тус намаас нэр дэвших саналыг тавьсан. Би шууд хүлээж авсан. Өмнөх 2020 оны сонгуулиар бие дааж нэр дэвшсэн. Гардаггүй юм байна лээ. Харин энэ сонгуулиар АН-аас нэр дэвшихээр болоход Л.Гантөмөр дарга надад “Сонгинохайрхан дүүргээс ядаж нэг суудал олж ирээч” гэх ганц л зүйлийг хэлсэн. Хариуд нь би “тэр дүүрэгт мөнгөний сонгууль болдог. Шал өөр систем явж байж ялна” гэсэн. Сонгинохайрхан дүүрэгт байгаа 10 айлын 8 нь банк бус санхүүгийн байгууллагын 4 хувийн хүүтэй зээл авсан байна. Дээрээс нь түүнийгээ төлөх гэж апликейшны зээл авдаг. Ийм амьдрал үргэлжилж байгаа. Мөн тус дүүргийн 70 хувь нь гэр хороололд байна. Яагаад 70 хувь нь гэр хороололдоо амьдраад байгаагийн гол зүйл нь ажилгүйдэл. Сонгинохайрханд 40 мянган хүн ажилгүй байна. 20 мянган залуучууд нь гадагшаа гарчихсан байдалтай байна. Монголд амьдралд ямар байгааг Сонгинохайрхан дүүргийн жирийн нэг айлын хашаанд ороод асуухад ямар ч хүн хариулж өгнө. 30 жилийн өмнө амьдрал тэр дүүрэгт яг ийм байсан. Одоо ч хэвээрээ. Тиймээс энийг л өөрчлөх гэж Сонгинохайрханаас дэвшиж байгаа.

-2020 онд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д Б.Жаргалмаа, Д.Сумьяабазар, П.Анужин зэрэг таван хүн сонгогдож байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 3.2-т Монгол Улсын иргэн төрийн үйл хэрэгт төлөөллөөрөө дамжуулж шууд оролцох бүрэн эрхтэй гэж заасан. Энэ хүрээнд иргэдийн сонголтоор дээрх нэр дэвшигчид 2020 онд таны яриад байгаа Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төрдөө оролцох оролцоог төлөөлж хэрэгжүүлсэн хүмүүс шүү дээ. Тэд одоо хаана байна вэ?

-2020 онд эдгээр хүмүүс “Баялагтаа эзэн Монгол, багаар нь дэмжээрэй” гэж гарч ирсэн. Одоо бол баялагтай эзэн болсон хүн алга байна. Харин МАН-ын 200 дарга баялагтаа эзэн болсон. Ингээд зогсохгүй баялгаа булаацалдаж, нэгнийгээ шоронд хийж онигоо болж байна. Үнэн гутлаа өмсөхөд, Худал уул даваад зугтана гэж үг байдаг шүү дээ. Түүний адил дээрх нэр гишүүд мөнгөнд улайрч Сонгинохайрхан дүүргийн иргэд рүү харах нүүргүй болсон. Иргэдээс зугтаж Д.Сумьяабазар, Х.Нямбаатар хоёр хот руу явсан. Учир нь тэнд мөнгө байгаад байна шүү дээ. Одоо хүн загнах л хийж байна. Хоёр эмэгтэй гишүүн нь Сонгинохайрханыхан нь хайгаад хайгаад олдоггүй юм байна лээ. Дүүрэгтэй очдоггүй юм байна лээ. Харин Н.Учралын хувьд нөгөө хэдээсээ хавь илүү юм хийсэн гэж харж байгаа. Сонгинохайрхандаа ч эргэх холбоотой ажиллаж байгаа юм байна лээ.

-Би танаас дээрх асуултыг яагаад асуусан бэ гэвэл. Үнэхээр 2020 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлж сонгогдоод, төлөөлөх ажлаа хангалттай сайн хийсэн бол нүүр бардам энэ тойрогтоо Сонгинохайрхан дүүрэгтээ буцааж очиж байгаа. Гэтэл эдгээр хүмүүс аймаг, дүүргээ сольж, дахин нэр дэвшиж байна.

-Одоо би бас энэ хүмүүсээс асуумаар байгаа юм. Д.Сумьяабазараа гэр хорооллыг дахин төлөвлөн гэсэн чинь яасан бэ. Байхгүй байна. Одоо энэ дүүрэгт гэр хорооллыг дахин төлөвлөн гэж баахан газруудыг дахин төлөвлөлтөд оруулаад барилгын компаниуд орж захиалга аваад өнөөдрийн байдлаар 11 төсөл гацчихсан хүмүүс өлсгөлөн зарлаж байна. Тэдгээр хүмүүс нь дандаа багш нар. Солонгосоос зовж олж ирсэн мөнгөө байрны урьдчилгаанд өгчихсөн чинь дэд бүтэц байхгүй гээд гацчихсан. Гэтэл өөрөө хүний амьдралаар тоглочхоод зугтаагаад явчихсан. Мөн хүүхдэд ээлтэй дүүрэг болно гэж хоёр эмэгтэй гишүүн нь ярьсан. Гэтэл өнөөдөр тус дүүрэгт хүүхдэд ээлтэй байх байтугай хүүхэд хөгжүүлэх юу ч алга. Хүүхдүүд тогонд цохиулж үхэж байна. Гэртээ угаартаж үхэж байна. Хүүхдүүд хагас өлсгөлөнгийн байдалтай. Сонгинохайрхан дүүргийн архины хамааралтай айл болгоны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Энэ бүхэн болж байхад сонгогдсон тэр яриад байсан эмэгтэй гишүүд нь хаана байсан юм мэдэхгүй. Х.Нямбаатар гэдэг хүн бол зүгээр л Сонгинохайрхан дүүргийг мөнгөөр угждаг, коммунист хүн. Энэ хүнээс салахгүйгээр Улаанбаатар хөгжихгүй. Учралын хувьд харьцангуй залуу хүн учир эдгээр гишүүдээсээ зугтаасан юм болов уу гэж боддог. Учрал тэдэнтэй баг болж чадахгүй байсан шүү дээ.

-Сонгинохайрхан дүүрэгт тантай нэг баг болж нэр дэвшиж байгаа дөрвөн хүн байна. Танай багийн тухайд?

-Алтанхуяг даргыг Сонгинохайрхан дүүргийн АН-аас 4 биш 8 жил гуйсан. Үнэхээр Х.Алтанхуяг дарга гарч ирээд тус дүүргийн уулзваруудыг янзалж, Азийн хөгжлийн банктай яриад Содон хорооллоос дээш хэд хэдэн ажил хэрэгжүүлсэн гээд тус дүүрэгт хийх юм аа хийсэн хүн. Сонгинохайрханчууд Х.Алтанхуяг даргыг хараад баярладаг юм байна лээ. Очиход нь баярлаж угтаж байсан. Х.Алтанхуяг даргын хувьд сүүлийн сонголтоо хийж байгаа. Тэр хүн ганц зүйлийг л зорьж байгаа. Бид Сонгинохайрханчуудад алдагдсан 8 жилийнх нь боломжийг 4 жилийн дотор яаж хийдгийг харуулъя гэж байгаа. Бас манай Н.Амаржин байна. Хүмүүс комедиан л гэж хараад байгаа. Гэтэл мундаг боловсролтой. Өндөр мэдрэмжтэй хүн шүү дээ. Энэ залуугийн ярьж байгаа, бодож байгаа зүйл нь яг л залуучуудын чиглэл рүү харж, бодож ажилладаг юм байна. 150 өрхийн хүүхдэд тэтгэлэг олгоод гадаадад өндөр боловсрол эзэмшүүлчихсэн байх жишээний. Манай Ц.Уянга нэр дэвшигчийн хувьд хүмүүс бас л жаахан буруу хараад байдаг. Тэр эмэгтэй маш зоригтой. Засгийн ордонд муухан МАН-ын 10 гишүүнтэй ганцаараа үзэлцээд явчих хүн. Асуудлыг гаргахын тулд хүнд хараалгаж гаргадгаас биш энэ хүн чинь гурван хэлтэй хэд хэдэн сайн сургууль дүүргэсэн боловсролтой хүн. Х.Алтанхуяг даргын үед өчнөөн олон улсын төслүүдийнх нь ард ажиллаж байсан. Бэлтгэгдсэн хүн. Д.Галиндэвийн хувьд Сонгинохайрхан дүүрэгт шинэ хүн биш. Тэрний зорилго Сонгинохайрхан дүүргийн мафийн системийг задлах. Миний хувьд Сонгинохайрхан дүүрэгт ганц л мөрөөдөлтэй ирсэн. Тус дүүрэгт байгаа Талх чихэр, Арвайн үндэс зэрэг компаниудыг төрийн бодлогоор дэмжиж, дэд бүтцийг нь шийдвэрлэх. Тэгж байж 40 мянган ажилгүй иргэд ажлын байртай болно. Дээрээс нь байгууллагуудын татвар, НӨАТ-ыг багасгах. МАН өнгөрсөн 8 жил энэ байгууллагуудыг татварыг шат дараатай нэмсээр байгаад 37 хувийн татвартай болгочихсон. Гэтэл бусад хөгжиж буй орнуудад 10 хувийн л татвартай байна шүү дээ. Тэгэхээр энэ дүүргийн аж үйлдвэрийг цогцоор нь дэмжье. Халамжийн дүүргээс нь гаргая. Гэр хорооллын 70 мянган янданг буулгая. Үүнийг хийхийн тулд дайчин, мэргэжлийн багыг бүрдүүлж ажиллая гэж зорьж байгаа.

Сонгинохайрхан дүүрэгт яагаад боловсролын салбарыг хөгжүүлэхгүй байгаа вэ гэхээр тэнд боловсролтой хүн хэрэггүй байгаад байна. Яагаад эрүүл мэндийн салбарыг нь хөгжүүлэхгүй байгаа вэ гэхээр эрүүл мэндээр нь сүлжээ хийгээд ажиллаад байна. Бүх захирлуудыг нь дарамтад байлгаж байна. Сонгинохайрханы төрийн албан хаагчид үгээ хэлж байна. Тэдний бодлогыг эсэргүүцсэн дарга нарыг халж байна шүү дээ.

-Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийгэмд бараг долоо хоног болгон том асуудалтай байсан. Өнгөрсөн жилүүдэд нийгэмд болсон үйл явдал дээр иргэдийн санах ой хэр байгаа гэж боддог вэ?

-Санах ойг ч булзайруулдаг юм байна. Магадгүй энэнд утаа ч нөлөөлж байгаа байх. Таван сарын дараа өвөл болно. Автобусанд чихэлдэхээс өвлийн асуудлууд эхэлдэг. Хүүхэд, эмэгтэйчүүд даарч янз бүрийн өвчин тусна. Нийтээрээ хүн болгон орлогогүй байна. Орлогогүй болохоор хүсэл мөрөөдөлгүй болдог юм байна. Хүсэл мөрөөдөлгүй хүн аз жаргалгүй болдог. Ингэсэн хүмүүс сэтгэлзүйн дарамтад ороод энэ нь гэр бүлийн харилцаанд нөлөөлдөг. Өнөөдөр монголд өөдөөс хараад инээж зөрж байгаа хүн алга. Гэр хорооллын айлуудаар яваад АН-аас явж байна гэхэд хаалга аа хаадаг. МАН-аас явж байна гэвэл бараг ус цацахаар байна. Жирийн нэг залуу байна гээд явахаар “миний дүү амьдрал новш байна”  гэж байгаа юм. Ардын намын дарга нарын амьдрал цагаан ордон шангрилла хоёрын хооронд л үргэлжилж байна. VIP өрөөнд нь өдрийн хоолоо иддэг амьдралтай. Үндсэндээ хогтой гудамж, хоосон амьдралаас залхсан залуус нь хүний нутагт хар ажил хийхээр оочерлож байна. Идэхээс өөр иш шидгүй болчихсон дарга нарын эхнэр хүүхдийн цайны мөнгө нь миний, ард иргэдийн нэг сарын цалинтай тэнцэж байгаа. Бид энэ зүйлийг л өөрчлөх ёстой.