Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистанд айлчилсны дараа ирэх сарын 3-4-нд Казахстанд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистанд айлчилсны дараа ирэх сарын 3-4-нд Казахстанд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр /2024.06.23/ эхэлнэ. Тодруулбал, тус улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийх юм.  

Энэ айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд болж буй анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Олий Мажлис (Парламент)-ийн Сенатын дарга Танзила Нарбаева, Ерөнхий сайд Абдулла Арипов нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалыг угтан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Б.О.Саидов-той 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд нар 2023 онд сайд Б.Батцэцэгийн Узбекистан Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр ярьж, тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж буйг онцлон тэмдэглээд хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар ярилцсэн. 

Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яамыг нээн ажиллуулах тухай шийдвэрийг УИХ-аас батласан. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр тус Элчин сайдын яамны нээлтийг хийж магадгүй байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ЭЛЧИН ЯАМНЫ НЭЭЛТИЙГ ХИЙЖ МАГАДГҮЙ БАЙНА-

Манай улс анх 1977 онд Узбекистаны нийслэл Ташкент хотод консулын газар нээн ажиллуулж байсан. Улмаар хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, Төв Азийн бүс нутаг дахь нөлөөг харгалзан 1992 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосон юм. Гэвч Консулын газрыг 1994 онд татан буулгаж байв. Айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах асуудлыг хэлэлцэхээс гадна

  • Монгол Улсаас Узбекистан Улсад болон Төв Азийн бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх,
  • Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох,
  • Mал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
  • Хоёр улсын нийслэл хот хооронд шууд нислэг үйлдэх, агаарын замыг нээх зорилгоор Агаарын харилцааны тухай, Авто тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулах,
  • Манай оюутнуудыг Узбекистаны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, арьс шир боловсруулах зэрэг бусад олон салбарт мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах талаар ярилцаж, харилцан ашигтай шийдвэрийг гаргаж магадгүй талаар эх сурвалжууд мэдээллээ. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НЬ 2022 ОНД ТУС УЛСАД БОЛСОН ШХАБ-ЫН ГИШҮҮНИЙ ОРНУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦСОН-

Манай улс Узбекистан Улстай 2022 оны зургаадугаар сараас харилцан визгүй зорчдог болжээ.Хоёр талын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд аажмаар өсөн 2022 онд 10.4 сая ам долларт хүрсэн бөгөөд хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд 2022 онд Ташкент хотод Монгол, Узбекистаны бизнес уулзалтыг хамтран зохион байгуулсан. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэгч улсын тоог нэмэгдүүлэх үүднээс улс төрийн хувьд төвийг сахисан, бүс нутагтаа нөлөө бүхий улстай илүү түлхүү ойр ажиллах нь зүйтэй хэмээн үзэж хоёр талын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход чиглэсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр, санамж бичгүүдийг байгуулахаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар өмнө нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлж байлаа. Узбекистан нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудтай харьцуулахад манай хоёр хөрштэй хил залгадаггүй, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус, бие даасан гадаад бодлого явуулахыг эрхэмлэдэг, тухайн бүс нутагтаа улс төрийн нэр хүндтэй улс. Өнөөдрийн байдлаар тус улсад гадаадын 44 улсын Элчин сайдын яам, хоёр Ерөнхий консулын газар, Олон улсын 18 байгууллагын төлөөлөгчийн газар ажиллаж байна. Тус улс нь гадаад бодлогын хүрээнд сүүлийн жилүүдэд бүхий л салбарыг хамарсан өргөн хүрээнд шинэчлэлийг өрнүүлж байна. Тухайлбал, Узбекистан нь 2020 онд Евразийн эдийн засгийн холбоонд ажиглагч статустай болсон, саяхан Дэлхийн худалдааны байгууллагад элсэх хүсэлтээ илэрхийлээд байгаа аж.

-МАНАЙ УЛС ШХАБ-Т АЖИГЛАГЧИЙН СТАТУСАА ХАДГАЛНА ГЭДГИЙГ УГ УУЛЗАЛТЫН ҮЕЭР МЭДЭГДЭНЭ-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчилсныхаа дараа үргэлжлүүлэн ирэх сарын 3-4-нд /2024.07-03, 04/ Бүгд Найрамдах Казахстан Улсад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд түвшний уулзалтад оролцох тухай мэдээлэл байна. Тасс агентлаг энэ талаар " “2024 оны долдугаар сарын 4-нд Бүгд Найрамдах Казахстан, Энэтхэг, Иран улсын төр, засгийн тэргүүн нар оролцох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Астана хотын Тусгаар тогтнолын ордонд болно. Уулзалтад Хятад, Киргизстан, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан, Беларусь, Монгол, Азербайжан, Катар, АНЭУ, Турк, Туркменистаны төр, Засгийн тэргүүн нар  мөн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг бүтцийн гүйцэтгэх захирал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын хэд хэдэн байгууллагын тэргүүн нар дээд хэмжээний уулзалтад уригдан оролцоно. “Уулзалтын үеэр олон улсын болон бүс нутгийн өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ШХАБ-ын гүйцэтгэх үүргийг цаашид бэхжүүлэх өргөн хүрээтэй, цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. 7-р сарын 3-4-нд болох дээд хэмжээний уулзалтын үеэр ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нар улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний тулгамдсан асуудлыг авч хэлэлцэнэ" гэжээ. 

ШХАБ-ын уулзалт бүрээр нийгэмд яригддаг нэг сэдэв нь “Монгол улс ШХАБ-т элсэх, эс элсэх” тухай асуудал юм. Олон нийт, иргэдийн зүгээс ШХАБ-т элсэн нь зөв буруу эсэхээр хэлэлцүүлэг өрнүүлж, маргаан мэтгэлцээн болдог. Энэ жилийн тухайд манай улс өмнөхийн адилаар "ажиглагч"-ийн байр, сууриа хадгалж оролцоно. Учир нь  ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын XIX дүгээр ээлжит уулзалт  Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод 2024 оны 04 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдах үеэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцож, “Монгол Улс ШХАБ-ын ажиглагч байх бодлогыг тууштай баримталж, тус байгууллагаас хэрэгжүүлж ирсэн аюулгүй байдлын хамтын ажиллагааны олон талт арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох” байр суурийг илэрхийлсэн юм.

Мөн өнгөрсөн онд Киргизид болсон тус байгууллагын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, ажиглагчийн статусаа хадгална гэдгээ илэрхийлсэн юм. 

Өөрөөр хэлбэл, дээд түвшний уулзалтаас өмнөх хурлуудад манайх уг байр суурийг тодорхой илэрхийлчихсэн гэсэн үг. Тэгэхээр уг байр суурийгЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сард болох уулзалтын үеэр мөн илэрхийлж магадгүй байна. 

Харин  саяхан нэг анхаарал татах асуудал болсон нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурлын дараа сэтгүүлчдэд тус байгууллагад элсэх дараагийн орон Монгол байх болно гэх утгатай мэдээллийг өгсөн байдаг. Тэрбээр “БНХАУ болон бусад түншүүдтэйгээ хамтран ШХАБ-д элсэх дараагийн улсын тодорхой нэр дэвшигч нь Монгол Улс байх болно. Газрын зурагт ШХАБ-ын орон зайд органик байдлаар нийцэж байгаа тул бид Монголын хөршүүдээ ийм шийдвэр гаргахыг уриалах болно. ШХАБ-ын бүх гишүүн орнууд үүнийг хоёрдмол утгагүй дэмжиж байгаа” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсын гадаад бодлогыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд  тодорхойлж, шийдвэрлэдэг мэт байр, суурийг илэрхийлсэн байгаа юм. 

2014 онд Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа манай хоёр хөрш болох ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарт санал тавьж анхны гурван талт уулзалтыг Тажикистаны Душанбе хотод амжилттай зохион байгуулж байсан юм. Үүнээс хойш 2019 оныг хүртэл тус уулзалтыг зохион байгуулсан ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд тасраад байсан юм.  Ийнхүү тасраад байсан Монгол, Хятад, Орос улсуудын уулзалтыг 2022 онд Узбекистаны Самарканд хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр үргэлжлүүлсэн. Уламжлал болсон тус уулзалт энэ жил Казахстанд мөн үргэлжилж магадгүй аж.