ШИНЭ ТЕХНОЛОГИ: VR нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх мэдрэхүйг бодит мэт мэдрүүлэхэд илүү чиглэж байна

ШИНЭ ТЕХНОЛОГИ: VR нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх мэдрэхүйг бодит мэт мэдрүүлэхэд илүү чиглэж байна

Өмнөд Солонгосын видео тоглоом бүтээгч компани “VR” буюу виртуал технологийн тусламжтайгаар нэгэн ээжийг гурван жилийн өмнө нас барсан охинтой нь уулзуулжээ.

Охины ээжийг Жан Жи Сан гэдэг бөгөөд 2016 онд охин Наёоныгаа хүнд өвчний улмаас алджээ. Түүнийг охинтой нь уулзуулахын тулд виртуал технологийн багийнхан найман сарыг зарцуулж, Наёоны дүр төрх, дуу хоолойг нь адилхан бүтээхийн тулд зургийг нь ашиглан мөн ойролцоо өндөртэй хүүхдийг тоглуулсан гэнэ.

Мөн виртуал ертөнцийг илүү бодит болгохын тулд ээжийнх нь дурсамжаас үндэслэн охинтойгоо байнга очдог байсан цэцэрлэгт хүрээлэнг бүтээжээ.  Бодит байдал дээр охины ээж тусгай бээлий болон виртуал ертөнцтэй холбогдох нүдний шил зүүн, цулгуй ногоон хананы өмнө зогсох ч виртуал ертөнцөд маш сайхан байгальд охинтойгоо уулзаж бүр ярилцаж байсан юм.

Охины ээж Жан Жи Сан  “Яг л диваажинд очсон мэт  санагдсан. Хэдий богинохон хугацаа хэдий ч охин минь надруу инээмсэглэхэд мөрөөдөл минь биелсэн юм шиг л санагдлаа” гэжээ.

VR технологи гэдэг нь тусгай програм хангамжийн тусламжтай хэрэглэгчдэд бодит мэт харагдах хиймэл орчинг бүтээдэг технологи юм. Сүүлийн жилүүдэд Виртуал технологи маш хурдтай хөгжиж байгаа бөгөөд хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэхэд илүү чиглэж байна.

VR технологийн тусламжтай зугаацах, аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэтчилэн хязгааргүй боломжийг олгодог ч ийнхүү өнгөрсөнд амьдарч байсан хүмүүсийг виртуал бодит орчинд дахин амилуулж ойр дотнын хүмүүсийг нь уулзуулах боломжийг олгож байгаа юм.

Зарим хүн үүнийг бодит байдалд байж болшгүй зүйл гэж шүүмжилж, зарим сэтгэл судлаачид “хүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж бодит байдалтай эвлэрэх чадваргүй болгоно” гэж үзэж байгаа ч техник технологийн хөгжил ирээдүйд үүнээс ч бүтээнэ гэж үзэх хүмүүс  ч байна.