СУРВАЛЖИЛГА: Нийслэлчүүд цантдаггүй цонхтой, дулаахан, цэвэрхэн автобусаар зорчино

СУРВАЛЖИЛГА: Нийслэлчүүд цантдаггүй цонхтой, дулаахан, цэвэрхэн автобусаар зорчино

Угзчин давхих автобус, чихэлдэж уцаарласан хүмүүс, хүйтэн, тухгүй уур савссан орчин бас цантсан цонх, таагүй үнэр. Энэ бол Улаанбаатар хотын нийтийн тээврийн өнөөгийн дүр төрх. Хэдий ухаалаг системд шилжин нийтийн тээврийн үйлчилгээнд тодорхой дэвшил гарсан ч өнөө л хуучин, тохь тухгүй, хүрэлцээгүй автобусуудыг хэрэглээнд ашигласаар байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар байна.

10 гаруй жилийн турш өдөр, шөнөгүй үйлчилгээнд холхисон автобусын бүгдийнх нь ашиглалтын хугацаа дуусаад олон жилийн нүүрийг үзсэн нь нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхийг шаардсан гэж хэлж болно.

Энэ дагуу 2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газраас /НЗДТГ/ нийтийн тээвэрт шинэчлэлт хийх зорилгоор "цахилгаан автобусууд"-ыг туршиж үйлчилгээнд гаргаад байна. Өвлийн ид хүйтэнд дэх туршилтыг амжилттай давсан автобусуудыг энэ онд нийтийн тээвэрт бүрэн ашиглаж, парк шинэчлэлт хийнэ гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдэгдсэн билээ.

Энэ оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл турших энэхүү цахилгаан соронзон автобус нь нийт 36 хүний суудалтай, 95 хүн босоогоороо зорчих боломжтой, манай орны уур амьсгалын нөхцөлд тохирсон, нано технологийн зай хураагууртай гэх мэт олон давуу талтай аж.

Бид энэ талаар сурвалжилхаар “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн нэгдүгээр баазыг зорилоо. Биднийг баазад очиход ид ажил өрнөж байсан ч “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн нэгдүгээр баазын дотоод хяналтын хэлтсийн дарга Д.Отгонсүрэн хүлээн авч автобусны талаарх дэлгэрэнгүй  мэдээллийг өгсөн юм.

-ЗААЛАНДАА НАЙМАН СЭНС БОЛОН ХАЛААГУУРТАЙ, ХЯНАЛТЫН
ТАВАН КАМЕРТАЙ, ЗОРИУЛАЛТЫН ГЭРЭЛТ САМБАРТАЙ-

-Одоо туршиж буй цахилгаан соронзон автобусыг танилцуулаач.Бусад автобуснуудаас юугаараа давуу талтай байна вэ?

-Арванэгдүгээр сарын 25-нд Улаанбаатар хөгжлийн корпораци БНХАУ-ын “Yinlong Energy“гэх компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Үүний дагуу тус компанийн арван цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд туршилт хэлбэрээр оруулж ирсэн. Гурван сарын хугацаанд туршиж үзэх зорилготой. Өнгөрсөн туршилтын хугацаанд ямар нэгэн техникийн доголдол, гэмтэл гараагүй хэвийн ажиллаж байна. 

-Баттейрэйгаар ажилладаг гэхээр хүмүүс төдийлөн сайшаадаггүй. Гэхдээ манай орны маш хүйтэн цаг агаарт амжилттай туршигдсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Энэхүү автобусны гол онцлог нь 30 жилийн баттерейны баталгаатай. Баттейрэйгаа зуны нөхцөлд таван минут, өвлийн нөхцөлд 15 минутаар цэнэглээд үйлчилгээнд явах боломжтой гэсэн өгөгдөлийг үйлдвэрлэгч байгууллагаас бидэнд өгсөн. Харин бидний хийж үзсэн туршилтаар өвөл 30 градусын хүйтэнд гадаа хонуулаад өглөө асаахад ямар ч асуудалгүй асаж  байсан ч манай орны хүйтэн уур амьсгалаас шалтгаалан 30 минут цэнэглэх шаардлагатай болсон. Дулаан нөхцөлд хонуулж үзэхэд 15 минутын хугацаа хангалттай байсан.

Мөн нийслэлийн иргэдийн ая тухтай байдлыг хангасан, стандартад нийцсэн хамгийн орчин үеийн технологийн дэвшилттэй гэдгээрээ онцлог. Өнгө, загварын хувьд хурдны галт тэрэг шиг загвартай. Үйлдвэрлэгч компаниас хэлэхдээ “Дельфин” загвар гэж тодорхойлсон. Мөн манай улсад зориулаад автобусны хажуу хэсэг дээр морины толгойг дүрсэлж өгсөн байсан. Ард иргэдийн дунд их байдаг шүүмжлэл бол нийтийн тээврийн автобусууп өвөл их хүйтэн, бохир байдаг гэж үздэг. Харин энэ автобус маань найман халаагч системтэй. Мөн хоёр давхар вакум цонхтой учраас цонх цантана гэсэн ойлголт байдаггүй. Мөн зуны улиралд хэрэглэхэд тохиромжтой найман сэнстэй. Энэхүү хөргөгч, халаагч төхөөрөмжүүд нь маш бага хэмжээний дизелээр ажиллаж байгаа. Энэ автобус маань 30 литрийн түлшний багтаамжтай.

-БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙ ЯЛГАРУУЛДАГГҮЙ. ХОЁР
ДАВХАР ВАКУМ ЦОНХТОЙ УЧРААС ӨВӨЛ ЦАНТДДАГГҮЙ-

-Автобус цэнэгээ хэр хугацаанд барьж байна вэ?

-Бүрэн цэнэгээ аваад 70 км замыг туулах боломжтой гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Хотын нэг цэгээс нөгөө цэг хүртэл 50 гаруй км байдаг. Тиймээс хот дотроо бүтэн эргэлт хийх боломжтой гэсэн үг. Одоогоор хоёр цэнэглэгчийг хоёр бааз дээрээ байршуулсан байгаа. Цаашид цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгслийн цогц төв буюу 12 байршилд цэнэглэгч төв байрлуулах зорилготой ажлын хэсэг гаран ажиллаж байна.

-Цаашдаа хэдэн автобус оруулж ирэхээр төлөвлөж байна?

-Нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх ажлын хүрээнд 800 автобусны төсөл явагдаж байгаа. Туршилтын хугацаа амжилттай дуусаж, манай улсад явах боломжтой гэж үзээд албан ёсны гэрээ хийгдсэнээр цаашид энэ төсөл үргэлжлэх юм. Бид бас өөр дөрвөн газартай хамтран туршилтын журмаар ажиллаж байна.

-2019-2021 ОНД НИЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 73.7 ХУВЬ БУЮУ
875 АВТОБУС СТАНДАРТЫН ДАГУУ БҮРТГЭЛИЙН
САНГААС ХАСАГДАНА-

-Нийтийн тээврийн ашиглалтын хувьд жил бүр тодорхой хэмжээгээр элэгдэлд орж байдаг. Тэгвэл манай улсын хувьд жилд хэдэн автобус ашиглалтаас гардаг вэ?

-Нийтийн тээвэрт техникийн  насжилтыг 12 жил гэж үздэг. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12 жил ашигласан тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог. Урьдчилсан тооцоогоор 2019-2021 онд нийт тээврийн хэрэгсэлийн 73,7 хувь буюу 875 автобус стандартын дагуу бүртгэлийн сангаас хасагдана.

-Туршилтын хугацаанд хэрэгчлэгчдийн зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Одоогоор “Yinlong Energy“ компанис гурван хятад инженер ирж ажиллаж байгаа. Мөн бид хэрэгчлэгчдийн судалгаа авах зорилготой дотоод ажлын хэсэг байгуулсан. Хоёрдугаар сарын 9-нөөс эхлэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн талаар судалгаа авж ажиллаж байна. Удахгүй судалгааны дүн гарна.

Нийтийн тээврийн хүртээмжтэй, тохь тухтай байдал нэмэгдвэл үүнийг дагаад хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэж, түгжрэл, агаарын бохирдол буурах гээд олон давуу тал бий болно. Харин энэхүү нөхцөлийг бүрдүүлэхээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хамт олон зорин ажиллаж байна. Тэдний ажил амжилттай хэрэгжиж хэрэглэгчдийн сэтгэлд ханамжид бүрэн нийцсэн, тохилог, ая тухтай тээврийн хэрэгсэл удахгүй үйлчилж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.




Өнөөдөр гахай өдөр

20 минутын өмнө