Казахстанд амьдарч байгаад ирсэн Монгол иргэнээс Улаанбурхан өвчин илэрсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Казахстанд амьдарч байгаад ирсэн Монгол иргэнээс Улаанбурхан өвчин илэрсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Монгол Улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас мэдээллээ. 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, "Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол 2024 оны долдугаар сарын 30-ны 12:00 цаг орчимд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-д ирж тусгаарлагдан, 2024 оны долдугаар сарын 31-ний өдөр лабораториор онош батлагдсан. Уг тохиолдол нь 47 настай эрэгтэй хүн. 2024 оны зургаадугаар сарын 25-наас долдугаар сарын 20-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улс болон Алмата хотод байсан. Мөн долдугаар сарын 17-нд Сан Франциско-Истанбул, Истанбул-Алмата чиглэлд ниссэн. Долдугаар сарын 20-нд Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн" гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа, "Казахстанд амьдардаг Монгол Улсын иргэн Монголд ирснээс хойш улаанбурхан өвчний шинж тэмдгүүд илрээд, ХӨСҮТ-д сэжигтэй гэсэн оношоор тусгаарлагдсан. Улмаар долдугаар сарын 31-ний 15:25 цагт улаанбурхан болох нь батлагдсан. Энэ дагуу хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эрсдэлийн үнэлгээг хийхэд хүн амын дунд тархах эрсдэл "Дунд" гэж дүгнэгдсэн. "Дунд" эрсдэлтэй гэж дүгнэгдсэн үед Тохиолдлын удирдлагын тогтолцоог идэвхжүүлэх ёстой байдаг бөгөөд ХӨСҮТ-д тохиолдлыг удирдлагын тогтолцоог идэвхжүүлсэн. Одоогийн байдлаар зөөвөрлөгдсөн тохиолдлын ойрын хавьтал болсон 52 хүн, тэдний хавьтлын хавьтал 100 гаруй хүнийг тодорхойлж, дархлаажууллаа. Хавьтал судлалын үйл ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.