ЭМЯ-ны урилгаар Орбис нүдний нисдэг эмнэлэг 9 дэх удаагаа Монгол Улсад иржээ

ЭМЯ-ны урилгаар Орбис нүдний нисдэг эмнэлэг 9 дэх удаагаа Монгол Улсад иржээ

Энэ сарын 22-ныг хүртэл Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд байрлапаг Нүдний нисдэг эмнэлэг, ЭХЭМҮТ, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон хөдөө орон нутагт ажиллаж буй нүдний эмч, сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер нарт сургалт хийх юм.   

Алкон Сан, ФедЭкс болон ОМЕГА ивээн тэтгэгчдийн дэмжлэгтэйгээр энэхүү төсөл нь нүдний эмч болон бусад эмнэлгийн мэргэжилтний чадварыг дээшлүүлэх, түнш эмнэлгүүдийн нүдний тусламж үйлчилгээг сайжруулах, ард иргэдэд нүдний эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дэлгэрүүлэн таниулах зорилготой. 

Алдарт Нүдний нисдэг эмнэлэг нь дэлхийд ганцхан, иж бүрэн нүдний эмнэлэг болгон тоноглосон МD-10 нисэх онгоц юм. 

Тус эмнэлэг 1989 онд Монгол Улсад анх ирснээс хойш найман удаа айлчилсан бөгөөд  хамгийн сүүлд  2018 онд иржээ. Хэдийгээр ковидын жилүүдэд биечлэн ирэх боломжгүй байсан ч онлайнаар дөрвөн сургалт зохион байгуулжээ.  

Орбис нь 2014 оноос эхлэн Монгол Улсад хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг сайжруулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, 2021 онд салбараа нээж үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн нүдний салбарт дорвитой хувь нэмэр оруулж байна.  Орбис Интернэшнл нь Африк, Ази, Латин Америк даяар төслөө хэрэгжүүлдэг 40 гаруй жилийн турш дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, тогтвортой нүдний тусламж үйлчилгээний тогтолцолцоог бий болгох зорилготой ажиллаж ирсэн, АНУ-д төвтэй дэлхийн ашгийн бус, төрийн бус байгууллага юм.