ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын эхээр Монгол Улсад тав дахь удаагаа айлчлах мэдээлэл байсан ч хойшилсон байж магадгүй байна. Хойшилсон шалтгаан тодорхойгүй ч ОХУ-ын дотоодын нөхцөл байдалтай холбоотой байж болзошгүй аж.
Тухайлбал, Украин нь ОХУ-ын Курск мужийн 74 хот, тосгон буюу 1000 орчим хавтгай дөрвөлжин км талбайг эзлээд буйтай холбоотойгоор айлчлалыг хойшлуулсан байж магадгүй талаар судлаачид хэлж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нь Ерөнхийлөгчийн хувиар гурав, Ерөнхий сайд байхдаа нэг удаа манай улсад айлчилж байв. Тэрбээр АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт Монголд болоход оролцоогүйгээс гадна 2016 оноос хойш манай улсад хийх айлчлалын тов хэд хэдэн удаа хойшилсны эцэст нь 2019 онд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан ирж байлаа. Харин энэ удаа Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоос гадна хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно гэх мэдээлэл байсан юм.
Түүнийг Монголд айлчлах талаар ОХУ-ын хэд, хэдэн хэвлэлд тэр дундаа РИА Новости агентлагт “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 ондоо багтан Монгол Улс болон нийслэл Улаанбаатарт айлчилж магадгүй гэж Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлэв” гэж мэдээлсэн.
Өнгөрсөн сарын 3-4-ний өдөр /2024.07/ Казахстан улсын Астана хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Монголд айлчлахыг урьсан байдаг. Үүнээс өмнө 2023 оны аравдугаар сард Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын форумын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн түүнийг эх орондоо хүрэлцэн ирэхийг урьж байсан.
Сануулахад, тэрбээр үүний өмнө буюу 2019 онд мөн есдүгээр сарын 3-ны өдөр Монголд айлчилж байсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож байгаад түүнийг угтан авч байв. Тухайн үед талууд хоёр орны дипломат харилцааг нэг шат ахиулан, Иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Харин энэ удаа уг харилцааг илүү бататган хэд, хэдэн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж магадгүй тухай мэдээлэл гарч байлаа. Тухайлбал, “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаарх хэлэлцээг байгуулах буюу манай улс тогтвортойгоор шатахууныг тус улсаас худалдан авдаг байх, Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ оны 12 дугаар сард багтаан байгуулах, ДЦС-3-ыг өргөтгөн шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг үр дүнд хүргэх талаар харилцан тохирч магадгүй тухай мэдээлэл байсан юм.