Дунд гол дагуу үер усны далан барихтай холбоотой голын урсцыг боогдуулсаны улмаас тус гол бохирдож, лаг хагшаас ихээр үүсээд байгаа талаарх сурвалжилгыг бид өмнө нь бэлтгэн хүргэж байсан билээ. Тэгвэл Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил эдгээр өдрүүдэд үргэлжилж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Дунд голыг ямар технологи ашиглан цэвэрлэж байгаа болон тухайн ажил хэрхэн явагдаж байгаа зэргийг бид энэ удаад сурвалжиллаа.
ВИДЕО:
Одоогоос арав гаруй хоногийн өмнө Дунд гол ногооноор урсаж, өмхийрсөн байдалтай байсан бол биднийг энэ удаад очиход голын урсац сайжирч, ус нь цэвэрлэгдсэн байв. Энэ нь Геодези, Усны барилга, байгууламжийн газраас БНСУ-аас оруулж ирсэн “River dredge pump” технологи буюу хөдөлгүүрт завийг ашиглан Дунд голын 194 шоо метр талбайг цэвэрлэсэнтэй холбоотой аж. Голын усыг ийнхүү цэвэрлэж буй техник, аргачлалын талаар Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан тодруулахад "Энэхүү завийг Дархан-Уул аймагт нуурын хогийг цэвэрлэх зорилгоор 2023 онд анх Монголд оруулж ирсэн байдаг. Олон улсад гол мөрний хог, лаг шавар, бохирдлыг ийм жишгээр цэвэрлэдэг. Харин энэхүү техник нь манай улсад нэг ширхэг л байдаг юм билээ. Тиймээс бид тухайн техникийг эзэмшигч хувь хүнд санал тавьж, улмаар Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж байна.
Энэхүү төхөөрөмж нь цагт 50 метр кв талбайг цэвэрлэх хүчин чадалтай, ашиглалтын хувьд тогтоол усанд ажилладаг. Хөдөлгүүрт завь ажиллах зарчим нь шаврыг шүүж авахдаа тухайн голын хог, бохирдлыг цэвэрлээд буцаагаад тунгаана. Харин тунгаах үедээ усны урсгалыг дэмжих замаар ажилладаг. Дунд голын хувьд урсгалыг боож цэвэрлэх ажиллагааг явуулж байгаа" гэлээ. Мөн тэрбээр "Дунд голоос ахуйн хог хаягдал маш ихээр гарч байна" гэдгийг тодотгосон юм. Манай улс голын бохирдлыг цэвэрлэх зориулалттай тухайн төхөөрөмжөөс хоёрыг авахаар ярилцаж байгаа аж. Энэ удаад Дунд голыг цэвэрлэж байгаа бол дараа нь Туул гол, Сэлбэ, Дунд голын эрэг хэсгийг цэвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Ж.ЦЭЦЭГСҮРЭН