ТОДРУУЛГА: Тоглоомын талбайд дайруулсан хүүхдүүд нь хавсарсан гэмтэлтэй гэх оношоор хэвтэн эмчлүүлж байна

ТОДРУУЛГА: Тоглоомын талбайд дайруулсан хүүхдүүд нь хавсарсан гэмтэлтэй гэх оношоор хэвтэн эмчлүүлж байна

Өчигдөр /2024.08.28/ приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч хүүхдийн тоглоомын талбай мөргөж, улмаар олон хүүхэд гэмтсэн зам тээврийн осол гарсан. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо "Шинэ өргөө" хорооллын хүүхдийн талбайг Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолооч Б гэгч нь дайрч, дөрвөн хүүхэд мөргөж гэмтээсэн. Энэ талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага өнөөдөр 13:12 цагт хүлээн авч шалгахад иргэн Б нь Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүүхдийн тоглоомын талбай руу орж тоглож байсан явган зорчигч 6-9 насны нийт 4 хүүхдүүдийг мөргөж гэмтээсэн байдаг. Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа юм. 

Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад "Өчигдөр 16.00 цагийн орчимд "Тоглоомын талбайд тоглож байгаад автомашинд мөргүүлсэн" гэх асуумжтай 6-9 насны дөрвөн хүүхэд яаралтай тусламж авахаар ирсэн. Зургаан настай нэг хүүхдийг амбулаторит эмч үзэж, шинжилгээнд хамруулаад буцаасан. Харин бусад гурван хүүхэд нь тархины доргилттой, цээжний зөөлөн эдийн няцралттай, гарны бугуй шууны яс хугарсан гэх оноштойгоор Хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүүхэд мөн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж тусламж үйлчилгээ авч байгаа" гэлээ.