АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2024.08.29/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат: 2024 оны сонгуулийн дараа сөрөг хүчингүй, хяналтгүй УИХ бий болсон. Ийм хяналтгүй төрд авлига ноёлдог. УИХ-ын 126 гишүүний 118 нь нэгдэж Засгийн газар байгуулаад өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Нэгэнт хяналтгүй болсон төр цаашдаа авлигын гол хөрс болно. Хяналтгүй төрийн хамгийн эхний шинж тэмдэг илэрлээ. Тухайлбал, төсвийг 3 их наяд төгрөгөөр тодотгож байна. Ард түмэн шүүмжлээд эхлэхээр хоёр их наяд болгож буурууллаа. Гурван том нам нэгдээд Засгийн газар байгуулсантай холбоотой нэн шаардлагатай бус чиглэлээр төсвийн тодотголд зардлаа 2 их наяд төгрөгөөр нэмлээ. Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, батлах гэж байна. Үүнд авлигын шинжтэй маш олон асуудал сөхөгдөж байна. Дөрвөн жилийн хугацаанд Хамтарсан гэх нэрээр ямар ч сөрөг хүчингүй, хяналтгүй төр чинь 120 их наяд төгрөг буюу 40 тэрбум ам.долларын асуудлыг тендерийн хуулиас гадуур хийх талаар ярьж байна. Тендерийн хуулиас гадуур бүтээн байгуулалт нэрээр хулгайг үргэжлүүлж болохгүй. Дараагийн асуудал бол өрийн босгыг байхгүй болгох талаар ярьж байна. Монгол Улс өнөөдөр 32 тэрбум долларын өртэй. Үүнийг 40 тэрбум доллараар нэмэгдүүлээд 72 тэрбум төгрөгийн өрийн босготой болох нь. Энэ бол маш аюултай зүйл. Хяналтгүй төрийг дагаад авлигын асуудал маш хүчтэй гарч ирнэ.
Харин АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан: Авлигатай тэмцэнэ, улсаа хөгжүүлнэ гээд гарч ирсэн гишүүд Монгол Улсын өрийг улам нэмж байна. “Өртэй хүн өөдлөхгүй” гэж үг бий. Төсвөөс баяжсан цөөн хүмүүст өр хамаагүй байх. Энэ өрийг энгийн амьдралтай ард түмэн л үүрнэ. Дараагийн асуудал бол цахилгааны үнэ нэмэгдэх асуудал ярьж байна. хэрвээ цахилгааны үнэ чөлөөлөгдөөд, 30 хувь хүртэл нэмэгдэх юм бол ард иргэдэд маш хүнд ачаа болно. Иргэдээс энэ талаар санал хүсэлт маш их ирж байна. Бид өөрсдөө Монголын төр, үндэсний аюулгүй байдлын төлөө өөрсдөө дуу хоолойгоо гаргаж, сөрөг хүчин болохгүй бол хяналтгүй, данхайсан төр бий болчихлоо гэдгийг ард түмэн хэлж байна гэх зэрэг байр суурийг илэрхийллээ. Тэд уг асуудлаар Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээ мөн энэ үеэр мэдэгдсэн юм.