ВИДЕО: “Монгол хаан” драмын хоёр дахь хувилбарт хааны дүр бүтээх Рон Юан, ханхүүгийн дүр бүтээх Леонардо Вү нар бүжгийн бэлтгэлдээ оржээ

ВИДЕО: “Монгол хаан” драмын хоёр дахь хувилбарт хааны дүр бүтээх Рон Юан, ханхүүгийн дүр бүтээх Леонардо Вү нар бүжгийн бэлтгэлдээ оржээ

"Монгол хаан” жүжиг тун удахгүй Азид албан ёсоор хөшгөө нээж, Сингапурт тоглогдох гэж байна. Мөн цаашлаад Ази, Европ, Австрали тивүүдээр аялан тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн Сингапурт тоглогдох “Монгол хаан” жүжигт тус жүжгийн үндсэн жүжигчид тоглох бол хоёр дахь хувилбарт нь холливүүдийн жүжигчид тоглохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, “Hawai Five-0" , "John Wick" зэрэг киногоороо дэлхийн үзэгчдэд танигдсан, Филлипин гаралтай холливүүдийн жүжигчин Марк Дэкаскос, "Марко Поло", "Алита" зэрэг киногоор нь бидний сайн мэдэх Солонгос гаралтай холливүүдийн жүжигчин Леонард Вү, “Мулан”, “Golden Boy” зэрэг киногоор гадаад үзэгчдийн сайн мэдэх Хонг Конг гаралтай холливүүдийн жүжигчин Рон Юан нар “Монгол хаан” жүжгийн хоёр дахь хувилбарт дүр бүтээхээр болсон байна. Одоогоор тэд бүгд Монгод ирж, жүжгийнхээ бэлтгэлд ороод байгаа юм. Харин бид бэлтгэлийн нь талаар тэдэнтэй цөөн хором ярилцлаа.

ВИДЕО:

Холливүүдийн жүжигчин Рон Юан, “Монгол соёл надад маш их таалагддаг учраас “Монгол хаан” жүжгийн бэлтгэлийн бүх зүйл гайхалтай, сонирхолтой санагдаж байгаа. Одоогоор бүжгийнхээ бэлтгэлийг хийж байна. Монгол бүжиг энэтхэг бүжигтэй их төстэй ч гэсэн хөдөлгөөн нь арай илүү эвсэл шаардсан байдаг юм байна. Мөн монгол хувцас үзэсгэлэнтэй ч гэсэн үнэхээр халуун санагдлаа. Өмнө нь Марко Поло киноны Наян хунтайжийн дүрд тоглохдоо монгол хувцсыг өмсөж үзсэн ч гэсэн “Монгол хаан”-ы хувцас илүү хүнд, халуун санагдаж байна. Өөрт оноогдсон дүрийг үнэхээр гоёор гаргахыг хүсэж байгаа.

Гэхдээ Г.Эрдэнэбилэгийн хувьд энэ жүжгийн хааны дүрийг үнэхээр чамин дээрээс нь чанарын өндөр түвшинд гаргаж тогложээ.

Иймд миний хувьд хамгийн сайнаараа хичээж, өөрийнхөө үзэл бодлыг илүү шингээж өгөхийг илүү хүсэж байгаа” гэв.

Харин холливүүдийн жүжигчин Леонард Вү, “Би өнгөрсөн хоёр дахь өдөр Монголд ирсэн. Монголд байх долоо хоног үнэхээр хурдан өнгөрлөө. “Монгол хаан” жүжгийн кастингийн багийнхан ч бидэнд маш их тусалж байгаа. 10 жилийн өмнөөс л би Бэллаг таньдаг байсан. Марко Поло киног хийснээс хойш бид найзууд болсон. Сүүлийн үед ерөөсөө холбогдоогүй байсан. Гэхдээ Бэллаг энэ жүжигт продюсер хийж байгааг өөрийнх нь сошиал хуудаснаас харж байсан.

Тэгээд нэг өдөр Рон над руу утсаар яриад, “Монгол хаан гээд нэг ийм төсөл байна. чи тоглох уу” гээд л шууд санал тавьсан. Түүний саналыг хүлээж аваад, маргааш нь л би онгоцонд суугаад монголд ирсэн дээ.

Анх энэ жүжгийг үзээд би үнэхээр алмайрч байлаа. “Монгол хаан” жүжиг үнэхээр үзэсгэлэнтэй бас их үзүүштэй санагдсан. Найруулагч Б.Баатар яагаад үүнийг тайзны жүжиг болгосныг үнэхээр үзээд л ойлгож авсан даа. Харин өөрийнхөө бүтээх гэж буй дүрийг харахад үнэхээр харамсмаар бас гунигтай санагдлаа. Мөн их олон талыг харуулсан дүр байна гэж харлаа” гэв.