ИРГЭД: Зам засварын ажлыг үргэлжлүүлэх нь зөв. Нэгэнт эхлүүлчихсэн учраас дундаас нь зогсоох эрх байхгүй /ВИДЕО/

ИРГЭД: Зам засварын ажлыг үргэлжлүүлэх нь зөв. Нэгэнт эхлүүлчихсэн учраас дундаас нь зогсоох эрх байхгүй /ВИДЕО/

Энэ жил нийслэлийн хэмжээнд 87 байршилд зам засварын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс 27 байршилд засварын ажил бүрэн дуусжээ.  Харин үлдсэн 60 байршилд засварын ажлыг үргэлжлүүлэх үү эсвэл зогсоох уу гэдгийг иргэдийн саналыг үндэслэж шийдвэрлэх аж.

Хэрэв зам засварын ажлыг зогсоохыг иргэд дэмжвэл зам засвар болон бродюр сольсон төсөв зах зээлийн өнөөгийн ханштай нийцэж буй эсэх бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч байгууллагыг шалгаруулах тендер шударга явагдсан уу үгүй юу гэдгийг аудитын байгууллага, Авлигатай Тэмцэх газраар шалгуулахаа Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн юм. Иймд бид иргэдээс энэ саналыг дэмжиж байгаа эсэхийг тодруулан хүргэж байна. 

ВИДЕО

Энэ онд зам засварын ажилд нийт 56 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Түүнчлэн есдүгээр сарын 11-нд эхэлсэн "Зам засварын ажлыг зогсоохыг та дэмжиж байна уу" асуулттай зөвхөн тийм, үгүй сонголттой санал асуулгад өнөөдрийг хүртэл 1,308 иргэн оролцсоноос 1,177 буюу 90% нь үгүй гэж хариулжээ.

Харин Хотын дарга Х.НЯмбаатар хэлэхдээ, "Монгол Улс анх удаагаа Улаанбаатар хотод нэг жилийн дотор замын шинэчлэлийн 87 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хотын зам маш их эвдэрсэн, хагарсан, зарим газар асфальт нь урсаад алга болсон байдалтай байгаа. Зундаа бороо, өвөлдөө цас их орсноос давс, бодисын хэрэглээ хэд дахин нэмэгдсэнээс зам, бродюр гэмтсэн. Иргэдийн дийлэнх гомдлыг "Замаа зас" эзэлж байна. Бонд гаргаж, зам засварыг санхүүжүүлж байгаа юм. Зарим тендерт маргаан гарах, дахин зарлах явдал гардаг.

Яагаад ийм нөхцөл үүссэн бэ гэвэл Жэнко Баттулгын хамаарал бүхий 30 гаруй хүн НИТХ-д нэр дэвшиж байгаа. Түүний туслах жолооч, ах, эгчийн хүүхдүүд, шантааж хийдэг лайвчид нэр дэвшиж, хоёр үндсэн зүйлээр нийслэлийн өнөөгийн удирдлагын багийг харлуулах системтэй арга хэмжээг авч байгаа.

Ингэхдээ бродюрын бизнес мафи явж байна, нөгөө нь Дунд голыг баллачихлаа гэдэг хоёр зүйлийг ярихаар төлөвлөгөө гаргаж байгаа тухай мэдээллийг би сонссон. Энэ жил 87 замын ажил хийгдэхээс 27 нь дууссан. Улаанбаатар хотод 60 замыг хучихгүй орхиод шалгуулсны эцэст ирэх хавар эхлүүлэх санал асуулгыг явуулна” гэсэн юм.

Иймд бид иргэд зам засварын ажлыг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа эсэхийг тодрууллаа.

Иргэд, "Нэгэнт эхлүүлчихсэн байгаа учраас хийгээд дуусгахчихвал амьдралд хэрэгтэй. Зам засварын ажлаа ргэлжлүүлэх нь зөв. Сайн л зүйл хийсэн байна шүү дээ. Ямар хийгээгүй биш. Замаа сэндийлээд ухчихсан болохоор тоосжилт асар их байна. Хийвэл хийсэн шиг хийгээд хийхгүй бол анхнаасаа эхлэх хэрэггүй байсан юм. Зам л иргэдийн машиныг эвдэж байгаа шүү дээ” гэлээ. Харин зарим хүмүүс, “Ер нь яагаад зам засварын ажлыг яг хичээл сургууль эхлэх энэ үетэй давхцуулж хийдгийг сайн ойлгогдоггүй. Замаа засах нь зөв л дөө.  Гэхдээ зөв цаг үе нь одоо биш. Ер нь зургаа юм уу, долоон сард хийсэн бол илүү тохиромжтой” гэж байв.

Ийнхүү зам засварын ажлыг үргэлжлүүлэхийг иргэдийн ихэнх хувь нь дэмжиж, нэгэнт эхлүүлсэн ажлаа заавал дуусгах ёстой хэмээн үзэж байна.