Дэлхийн хамгийн алдартай загварын шоунуудын нэг болох Лондон хотын загварын долоо хоног энэ сарын 13-17-ны өдрүүдэд болж байна.
Энэхүү арга хэмжээнд Монгол загвар өмсөгч Ж.Энэрэл оролцож, “Erdem” болон "Roksanda" брэндийн 2025 оны хавар, зуны коллекцын даашинзыг өмсөж, тайзнаа алхлаа.
Сонирхуулахад, “Erdem” брэндийг 2005 онд турк-англи гаралтай загвар зохион бүтээгч Эрдэм Моралиоглу бүтээжээ. Тэрбээр 2012 онд Их Британийн загварын шагналын “Оны шилдэг улаан хивсний ёслолын гоёлын загвар зохион бүтээгч”, 2014 онд Их Британийн загварын консулын “Оны шилдэг эмэгтэй хувцасны загвар зохион бүтээгч” шагналыг хүртсэн юм. “Erdem” брэнд нь тансаг зэрэглэлийн эрэгтэй, эмэгтэй хувцас бүтээдэг билээ. Харин "Roksanda" нь Сербийн загвар зохион бүтээгч Роксанда Илинчичийн үүсгэн байгуулсан брэнд юм.