Эрүүгийн хуулийг чангаруулснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 90 хувь буурчээ

Эрүүгийн хуулийг чангаруулснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 90 хувь буурчээ

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангаруулсан хууль 2024 оны нэгдүгээр сараас /2024.01/ хэрэгжиж эхэлсэн билээ.

Уг хуульд согтуурсан үедээ жолоо барьсан мөн цагдаагийн ажилтанд шалгуулахаас зайлсхийсэн,  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин уг зөрчлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон юм. Үүнийг зарим иргэдийн зүгээс хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан.

Тэгвэл тус хууль үр дүнгээ өгч зарим дүүргүүдэд согтуугаар давтан жолоо барих зөрчил буурсан байна. Тодруулбал, Нийслэлийн Багануур дүүрэгт өмнөх онд 115 хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл давтан жолоодож эрхээ хасуулж байсан бол энэ оны наймдугаар сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон 12 тохиолдол бүртгэгдээд байна. Ингэснээр уг зөрчил 90 хувь буурсан гэж замын цагдаагийн газраас мэдээллээд байна. Улмаар Багануур дүүргийн Прокурорын газар дээрх 12 жолоочид яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс тэдний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилээр хасаж, торгох, хорих зэрэг ял оноожээ.