Арав гаруй жил архи, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хоёрхон сартай бяцхан үрээ алдаж, ажлаасаа халагдаж, амьдралаа тэр чигт нь архинд живүүлэх шахсан Д.Сонинцэцэг гэх эмэгтэй нэг л өглөө хэрхэн, юуны төлөө амьдарч буйгаа ухаарч архинаас татгалзаж чаджээ. Үүгээр зогсохгүй тэрбээр өдгөө бусдыг архинаас гаргах боломж, гарцыг нээж өгөхийн тулд "Цэлмэг өглөө" ТББ-ын архинаас татгалзах сургалтын төвд сургагч багш хийдэг байна. Түүнтэй архинаас хэрхэн татгалзаж, тэг хэрэглээтэй болсон талаар нь ярилцлаа.
ВИДЕО:
Өдгөө сургагч багш хийж буй Д.Сонинцэцэг нь архи уудаг байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлийн хэргээр цагдаагийн байгууллагад удаа дараа бүртгэгдэж байсан байна. Энэ нь цагдаагийн байгууллагын давтамжтай дуудлага мэдээлэлд бүртгэгдэж, улмаар цагдаа, хорооны хамтарсан ажлын хэсэг Д.Сонинцэцэгийг архинаас татгалзах "Цэлмэг өглөө" ТББ-ын сургалтад хамруулсан байгаа юм. Энэ нь түүнийг амьдралыг өөрчилж, 10 гаруй жил мэдэрч чадаагүй аз жаргал, баяр баяслыг бэлэглэсэн байна.
Тэрбээр энэ талаар "Би арав гаруй жил архи уусан. Өөрийгөө архичин байсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тиймээс нэг ч гэсэн хүнийг архи гэдэг хар идээнээс хол байлгаж, нэг ч болтугай гэр бүлийг элэг бүтэн, аз жаргалтай амьдраасай гэж хүсэж, өөрийнхөө амьдралд тохиолдсон жаргал зовлонгоо бусадтай хуваалцаж, өдгөө сургагч багшаар ажиллаж байна.
Анх архийг зохистой хэрэглэж байна гэж бодож уудаг байсан. Гэсэн ч сүүлдээ ажилдаа явахаа больж, ажлаасаа халагдсан. Улмаар ажилгүй болсноо шалтаг болгож, архийг улам ихээр уух болсон. Энэ үед ээж минь "Чи хэтэрхий их архи уугаад байна. Архины эмчилгээнд яв, лам, бөөд оч" гэхчлэнгээр намайг архинаас гаргахын тулд ихийг хэлж, хийдэг байсан. Гэсэн ч би тэр үед ээжийнхээ хэлснийг үл тоож, "архи уусаар байгаад үхнэ" гэдэг байлаа. Тэр ч байтугай гэр бүлдээ агсам согтуу тавьж, хань ижил, үр хүүхдээ зодож, зовоодог байсан. Ээж минь миний энэ байдлаас болж их л зовж шаналсан даа. Одоо бодохоор ээжийгээ үнэхээр их өрөвддөг юм.
Архи савнаасаа бусдыг дийлдэг гэж үнэн шүү. Би архи уудаг байхдаа хоёрхон сартай бяцхан үрээ алдаж байсан. Тухайн үед хүүхдээ хөхөөрөө дараад алчихлаа гэж гутарч уудаг байсан. Харин шүүх эмнэлгийн дүгнэлтээр "Дотор эрхтэний эмгэгээс шалтгаалсан" гэх дүгнэлт гарсан байдаг. Магадгүй би хүүхдээ олох үедээ ч архи уусаар байсан нь урагт нөлөөлсөн байх гэж одоо боддог юм.
Гэхдээ амьдрал гэдэг их сонин. Үрээ алдсан ээж хүн архинаас боллоо гэж бодоод тухайн үед архинаас гарч болох л байсан. Гэвч би тэгж чадаагүй. Харин ч сэтгэл гутралд орж архийг улам ихээр уух болж, гэр бүлээ зовоох нь улам ихэссэн. Ер нь архи уудаг хүний ааш авир хурц, түрэмгий болдог юм билээ. Нөгөөтээгүүр архичин хүмүүс сэтгэл гутралд маш их ордог. Энэ нь архи уух бас нэгэн шалтгаан болдог байх.
Ингээд цагдаагийн байгууллагад удаа дараа зөрчлийн хэргээр бүртгэгдэн, давтамжтай дуудлага мэдээлэлд бүртгэгдэн шалгагдаж байсан намайг цагдаа, хорооны хамтарсан ажлын хэсгийн алба хаагчид "Цэлмэг өглөө" ТББ-ын архинаас татгалзах нөлөөллийн сургалтад суулгаснаар би өөрийгөө хэн, ямар хүн болсныг мэдэж авсан даа. Гурван ч удаагийн сургалтад хамрагдаж, архинаас бүрэн татгалзаж, тэг хэрэглээтэй болж чадсан. Ингээд зогсохгүй өнөөдөр сургагч багш, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороонд үйлчлэгчээр ажиллаж байна. Энэ бүхнийг ээж минь тэнгэрээс хараад хамгийн их баярлаж байгаа байх гэж боддог.
Архинаас гарч, тэг хэрэглээтэй болсон нь миний амьдралыг өөрчилж, арав гаруй жил мэдэрч чадаагүй жаргалыг мэдрүүлж, үр хүүхдээ хайрлаж, халамжлан элэг бүтэн амьдрах шинэ амьдралыг дахин нээж өгсөн. Тиймээс ч би энэ бүхнийг бусдын төлөө ярьж байгаа юм. Бид хэнийг ч шууд өөрчилж чадахгүй. Гэхдээ бусдад нөлөөлж, өөрчлөгдөх боломжийг олгож чадна гэдгийг өөрийн биеэр мэдэрч яваа учраас энэ бүхнийг ярьж, хэлж байгаа юм" хэмээн бидэнд сэтгэлээ уудалсан юм.