Б.Мөнгөнцэцэг: “Эхнэрийн урхи” киноны Үнжээгийн дүр зэрэг 8000 гаруй кинонд дуу оруулж, Юнителийн операторын хоолойг хүртэл уншсан

Б.Мөнгөнцэцэг: “Эхнэрийн урхи” киноны Үнжээгийн дүр зэрэг 8000 гаруй кинонд дуу оруулж, Юнителийн операторын хоолойг хүртэл уншсан

2008 онд Монголчуудыг байлдан дагуулж, өдгөө ч цэнхэр дэлгэцийнх нь өмнө уясаар байгаа үзэгчдийн үзэх дуртай нэгэн кино бол Өмнөд Солонгосын олон ангит кино болох “Эхнэрийн урхи” юм. Тэгвэл “Эхнэрийн урхи” киноны Үнжээгийн дүрд дуу оруулж, үзэгчид дунд өөрийн гоёхон хоолойгоо мөнхөлж чадсан тэр нэг эмэгтэйг бид энэ удаагийн “Social ID” буландаа урьж ярилцлаа. Түүнийг Б.Мөнгөнцэцэг гэдэг.

Тэрбээр “Эхнэрийн урхи” кинонд дуу оруулж, ажлын гараагаа эхэлснээс хойш өдгөө 16 дахь жилдээ UBS телевизэд дуу оруулагч, жүжигчнээр ажиллаж байна. Б.Мөнгөнцэцэг өдгөө 8000 гаруй кино, 3000 орчим сурталчилгаанд дуу оруулахаас гадна Юнителийн операторт хоолой уншжээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Хүмүүс өөрийг тань “Эхнэрийн урхи” киноны Үнжээгийн дүрд дуу оруулснаар нь их сайн мэдэх байх. Энэ үеэсээ бидэнд хуваалцахгүй юу?

-2008 оноос 2024 он хүртэл 16 дахь жилдээ UBS телевизэд ажиллаж байна. 2008 онд “Эхнэрийн урхи” кино UBS телевизээр гарсан. Тухайн үед би UBS телевизэд ороод удаагүй байхдаа энэ кинонд дуу оруулах хүндтэй үүргийг хүлээн авч байлаа. Олон хүмүүст хүрч байгаа кинонд дуу оруулна гэдэг их гоё боломж байдаг. Хүмүүс “дараагийн үйл явдал яах вэ” гэж их асууна. Намайг Үнжээ юм шиг л хайрлаж, “Хөөх чи Үнжээд дуу оруулдаг юм уу” гээд их гоё хүлээж авдаг байлаа. Тухайн үед Үнжэ, Авга, Сүбин, Су А, Шү Бин гэхчилэн долоон дүрд дуу оруулсан. Оюутан байсан болохоор олон хүнд хүрсэн кинонд дуу оруулахад их гоё байсан. Мөн одоог хүртэл “Эхнэрийн урхи” киноны Үнжэгийн дүрээр овоглоод явж байгаа нь нэр төрийн хэрэг гэж боддог.

-Юнителийн операторт дуу оруулсан хүн бол та шүү дээ. Үүнийг нь хүмүүс нэг их мэддэггүй. Энэ талаараа манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Дуу оруулагч жүжигчин хүн гэдэг дуу оруулах боломжтой бүх л зүйлийг унших ур чадвартай байх шаардлагатай.

Тухайлбал реклам зар сурталчилгаа, газруудын тайлан, хөрөг нэвтрүүлэг, шоу нэвтрүүлэг гэх мэт дотроо уншлагын техникүүд нь олон янз байдаг. Энэ олон техникүүдийг эзэмшсэнээр дуу оруулагч жүжигчин хүн гэдэг илүү сайн түвшинд очно гэсэн үг. Утасны операторуудын хоолой ч бас нэг техник. Анх Юнител компани надад "компанийхаа дуу хоолой болгомоор байна" гэсэн саналыг тавьснаар операторын хоолойг уншиж байлаа.

-Яагаад жүжигчин биш дуу оруулагч гэх мэргэжлийг сонгох болов? Өдгөө хэд орчим кинонд дуу оруулаад байна вэ?

-Дээр үеийн Үндэсний телевизийн дуу оруулагч нар үнэхээр гоё хоолойтой. Тэр хүмүүсийг л сонсож өслөө шүү дээ. Ер нь дуу оруулагч мэргэжлийн ямар гоё вэ гэдгийг мэддэг байсан. Тэгээд UBS телевизэд ороод ажиллах явцдаа энэ мэргэжил хэр тансаг, хэр гоё мэдрэмж өгдөг, хүнийг яаж хөгжүүлдэг вэ гэдгийг мэдэрч, мэргэжлийнхээ сайхныг илүү сайн ойлгосон. Нэг л мэдэхэд 16 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд уншиж болох бүх л зүйлийг уншсан. Тоолох юм бол 8000 гаруй кино, 3000 орчим зар сурталчилгаанд дуу оруулж, өөрийн гэсэн дуу хоолойны өнгө төрхийг тодорхойлсон гэж боддог.

-Сүүлийн үед нэлээд жин хаясан шиг харагдаж байна. Яагаад туръя гэж бодов?

-Оюутан байхаасаа хойш л нэлээд бондгор байсан. Хүмүүс ч бондгор нь л гоё байна гэдэг байсан. Өөрөө ч нэг их турах оролдлого хийдэггүй байлаа.

Тэр үед турах талаар боддог байсан ч үнэн зүрх сэтгэлээсээ гуалиг больё гэж боддоггүй л байсан байгаа юм. Тэгээд ээж болохдоо би 100 кг гаруй болсон. Тэр үед эмч нар маань “яагаад ингэж таргалсан юм бэ? Юу идэж уусан юм” гэж байсан. Тэр үеийн сэтгэл зүй надад их л хурц, тод үлдсэн юм шиг байгаа юм. Түүний дараа л би хэвийн жинд хүрэх ёстой юм байна. Тарган байх чинь их муухай юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан.

-Тэгээд хэдэн кг хассан бэ?

-Төрснийхөө дараа 100 кг байсан. Тэгээд хүүхдээ бор хоолонд оруулсны дараа 20 кг жин хасаж чадсан. Тэрнээс хойш турахгүй байгаад л байсан. Тэр үед манай нэг найз “Нэг ийм дөрвөн сарын турах челленж байна. Чи нэг оролдоод үзээч” гэхэд би орьё гэж огт бодоогүй. Тэгээд бодоод байсан чинь би өөрийгөө ер нь яагаад өөрчилж болохгүй гэж. Урьд нь байгаагүй жиндээ очиж, арай өөрөөр жаахан ч гэсэн сонирхолтой амьдарья гэж бодоод тэр чэллэнжэд оролцохоор шийдсэн. Тэгээд 78 кг жингээс 58 кг болтлоо турсан юм. Энэ жинг дөрвөн сарын хугацаанд хаясан.

-Мэдээж турах амаргүй байсан байх тийм үү? Эсрэгээрээ хамгийн сайхан мэдрэмж нь юу байв?

-Мэдээж миний хувьд үнэхээр хэцүү байсан. Маш их ядарсан. Тодорхой хугацаа аваад, өөрийн зорьсон зүйлээ биелүүлж чадсан нь хамгийн гоё мэдрэмж байсан. Ер нь гуалиг сайхан болно гэдэг нь сэтгэл зүйн асуудал юм байна гэж хараад байгаа. Үүнээс өмнө нь би сэтгэлзүйгээрээ шийдэж чадахгүй яваад байсан байгаа юм.

Зориглоод шийдэж чадвал тэр хүртлээ зогсохгүй л байх хэрэгтэй юм байна лээ. Тэр нь зургаан сар ч юм уу жил ч юм уу заавал богино хугацаа байх албагүй. Хүрэх гээд байгаа жиндээ хүрэхийн тулд тууштайгаар тэмцэх ёстой юм байна л гэж бодсон.

-Турсны дараа өөрт мэдрэгдэх өөрчлөлтүүд юу байв?

-Хамгийн эхэнд шүүгээн дэх бүх хувцаснууд маань томдсон. Заримыг нь хараад бүр гайхсан. Яг л хөгшин хүнийх шиг. Мөн хүмүүс маш их урам өгсөн. “Ямар гоё юм бэ?, Ямар мундаг юм бэ? Яаж ингэж турах вэ? Би чамаас урам авч байгаа шүү” гэх мэт үгнүүд их ирж байгаа. Тэр хүмүүсийн хайр, урмын үгнээс л урам зориг авч байна даа.

-Бусдаас ирэх хандлага өөрчлөгдсөн үү? Мөн турсны дараа бусдаас сонсож байгаа хамгийн сайхан урмын үгс юу байна?

-Манай хамаатны дүү маань “арваад жилийн өмнө та 35-тай юм шиг харагддаг байсан бол одоо арван жилийн дараа яг л 35-н настай хэвээрээ харагдаж байна. Та үнэхээр өөртөө шинэчлэлт хийж чадсан байна. Ямар мундаг юм бэ” гэж хэлсэн. Энэ мэт хүмүүсийн урмын үг намайг цаашдаа илүү хичээх хэрэгтэй юм байна гэдэг бодлыг төрүүлж байгаа. Цаашдаа илүү тууштай фитнесээр хичээллэж, тайзан дээр гарч үзэхийг хүсэж байна. Ер нь боломжгүй зүйл гэж байхгүй шүү дээ.

-Гадаад төрхөө өөрчилсөн. Одоо кинонд тоглох хүсэл байна уу?

-Надад од болох хүсэл байхгүй. Кинонд тоглоё гэж одоогоор зорьсон зүйл алга. Гэхдээ мэдээж дүр төрх маань өөрчлөгдсөн учраас кино уран бүтээлийн саналууд их ирж байна. Тэд нарыг харж байгаад өөрт таалагдсан уран бүтээлд оролцох бодолтой байгаа.

-Ярилцсанд баярлалаа.