Хималайн оргилд авирч байх үедээ гурван өдрийн турш гацсан Британийн нэг, Америкийн нэг уулчныг ням гарагт аварсан тухай Энэтхэгийн Агаарын цэргийн хүчин мэдээлжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт хад нурсны улмаас Их Британийн иргэн Фэй Жэйн Маннерс, АНУ-ын иргэн Мишель Тереза Дворак нарын авиралтын хэрэгсүүд, хоол хүнс, майхан, үүргэвчнүүд нь хавцал руу доош унасан байна. Улмаар тэд Уттаракханд мужид 5300 м-ийн өндөрт байрлах Чаухамба-3 хэмээх хадархаг газарт гацжээ.
"Бид хамтдаа цүнхийг маань татаж байх үед Дворак цүнхээ үүрсэн байсан. Гэвч дахин хад нурж, нөгөө цүнхнээс уясан олс тасарсан тул цүнх уулын уруу бүр доош унасан" гэж Ф.Маннерс сэтгүүлчдэд ярьсан байна. Хэдийгээр тэдний харилцаа холбооны төхөөрөмжүүдийн ихэнх нь доош унасан боловч уулчид ослын дохио илгээж чадсан байна. Баасан гарагт Энэтхэгийн Агаарын цэргийн хүчнийхэн хоёр нисдэг тэргээ илгээж, уулчдыг эрэн хайх ажиллагаа явуулсан боловч тэднийг олж чадаагүй ажээ.Харин бямба гарагт Ф.Маннерс, М.Дворак нартай нэг замаар явж байсан Францын уулчдын багийнхан тэднийг хараад аврах багийнханд мэдээлэл өгчээ. Ийнхүү 80 цаг үргэлжилсэн эрэн хайх ажиллагаа амжилттай болж, уулчдыг аварсан байна.