Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс Тайванийн “Tri-Service” эмнэлгийн эмч, сувилагч нартай хамтран барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын сургалтыг зохион байгуулсан аж.
Тодруулбал тус төвийн салбар эмнэлэгт суурилуулсан энэхүү төхөөрөмжийг хэрхэн ашиглах, эмчилгээний явц болон үр дүнд хяналт тавих, аюулгүй ажиллагааг бүрдүүлэх, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний заавар, журмын талаарх сургалтад ГССҮТ-ийн эмч, сувилагч, техникч зэрэг нийт 18 ажилтан хамрагдаад байна. Барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ нь гэмтлийн гаралтай архаг хэмжээний том шарх, түлэгдлийн шарх, халдварлагдсан шарх, ясны идээт үрэвсэл, тархины хүнд гэмтэл болон бусад өвчлөлийн үед эд, эсийн түвшинд хүрч үйлчлэх, эдгэрэлтийн явцыг түргэсгэх өндөр ач холбогдолтой орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологи аж.