Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулна гэх сүржин амлалттайгаар 2026 оны гуравдугаар сарын 15-нд албан ёсоор эхэлсэн “Туулын хурдны зам” төсөл царцаж, хууль хяналтын байгууллагын шалгалтын ширээнээ шилжсэн байдаг.
Баянзүрхийн товчооноос Аюулгүйн тойрог хүртэл 32 километр үргэлжлэх зургаан эгнээ бүхий энэхүү мега төслийг Засгийн газрын шийдвэрээр 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор зогсоосон юм. Гэвч харамсалтай нь, зам барих ажил зогссон ч түүний хөлд үрэгдсэн Туул голын сав газрын олон мянган бургас, улиасыг хядсан шарх эдгэрэлгүй үлдэж, нөхөн сэргээлт хийх амлалт цаасан дээрээ замхарчээ.
ВИДЕО:
-ТУУЛ ГОЛ ДАГУУХ 7.2 ГА ТАЛБАЙН БУРГАСЫГ ҮНДСЭЭР НЬ БУЛГАЛАН ТАЙРЧ ХАЯСАН-
Төслийг эхлүүлэх үед нийслэлийн удирдлагуудын зүгээс “Нэг ч мод тайрахгүй, ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлнэ” хэмээн олон нийтийг тайвшруулж байсан нь бодит байдал дээр ердөө хэдхэн хоногийн настай худал амлалт болж хувирсан юм. Тодруулбал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд “Туулын хурдны зам”-ыг барихын тулд нэг тэрбум 1.5 сая төгрөгийн үнэлгээ бүхий 40.8 га бургасан ой, 13.05 га улиас, бургасыг “хядах” төлөвлөгөө тусгагдсан байдаг. Улмаар төслийн бэлтгэл ажил эхэлмэгц хүнд даацын техникүүд Туул гол дагуух 7.2 га талбайн бургасыг үндсээр нь булгалан тайрч хаясан юм.
Тухайн үед "Save Tuul" хөдөлгөөнийхөн үүнийг эрс эсэргүүцэхэд хотын дарга асан Х.Нямбаатар “Туул голын бургас нь их үерийн лаг шавар дээр ургасан 50 орчим жилийн насжилттай тул өөрөө нөхөн сэргэх бүрэн боломжтой. Замын барилгын ажил дууссаны дараа 43.2-оос 64 га талбайд 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий нөхөн сэргээлт хийнэ” хэмээн мэдэгдэж байв.
Нэгэнт зам барихгүй болсон тул гүйцэтгэгч компани ч, төсөл захиалагч нийслэлийн захиргаа ч хядагдсан талбай руу эргэж харахаа больжээ. Төсөл дууссаны дараа хийнэ гэх нөхөн сэргээлтийн ажил төсөл зогссонтой хамт тодорхойгүй хугацаагаар гацаж, Туулын эрэг дагуух хөрс хуулагдсан, модгүй нүцгэн талбай харлаж харагдана.

-ХОТЫН ГАЗАР ДООРХ УСНЫ НӨӨЦИЙН 58-85 ХУВЬ НЬ ТУУЛ ГОЛЫН УСНААС ШУУД ТЭЖЭЭГДДЭГ-
Туул голын хөндийн бургас, улиас нь зүгээр нэг хотын өнгө үзэмж төдий ногоон байгууламж биш, харин 1.6 сая гаруй нийслэлчүүдийн ундны усны амин судас юм. Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамж нь Туул голын сав газрын дагуух сэвсгэр хурдсанд байрлах 170 гаруй гүний худгаас усаа татдаг бөгөөд судалгаагаар хотын газар доорх усны нөөцийн 58-85 хувь нь Туул голын уснаас шууд тэжээгддэг болох нь тогтоогдсон. Эргийн бургасан шугуй нь голын урсацыг тогтворжуулах, хөрсний чийгийг барих, гадаргын усыг шүүж цэвэршүүлэх байгалийн цорын ганц шүүлтүүр болж байдаг. Гэтэл нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн зааг, цаашлаад Богдхан уулын дархан цаазат газрын хилтэй давхцсан эмзэг бүсэд олон арван га талбайн модыг хядаж хаясан нь ундны ус бохирдох, нөөц нь хомсдох урт хугацааны эрсдэлийг бодитоор бий болгоод байгаа билээ.

-2024 ОНД ӨРНӨСӨН “ДУНД ГОЛЫН БУРГАС”-НЫ ГАШУУН ТҮҮХ ЯГ ИЖИЛ ЗУРАГЛАЛААР ДАВТАГДАЖ БАЙНА-
Энэхүү хариуцлагагүй байдал нь нийслэлийн удирдлагуудын хувьд анхны тохиолдол биш бөгөөд 2023-2024 онд өрнөсөн “Дунд голын бургас”-ны гашуун түүх яг ижил зураглалаар давтагдаж буй нь харамсалтай. Тухайн үед үерийн хамгаалалтын далан барих нэрийн дор Дунд голын бургасыг механикаар тастан авч, “Хар усан тохой руу есөн тэрбум төгрөгөөр нүүлгэн шилжүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан ч өнөөдөр тэдгээр моддын сураг ч үгүй болсон билээ. Тухайн үеийн Захирагчийн ажлын албанаас инженерийн байгууламж дотор мод байх ёсгүй хэмээн тайлбарлаж байсан бол өдгөө Туулын хөндийд инженерийн байгууламж нь ч баригдсангүй, байгалийн унаган бургас нь ч үгүй болж хоцорлоо. Туул голын хөндийд хядагдаж орхигдсон 7.2 га талбайн нөхөн сэргээлтийг хэн, хэзээ хийх нь бүрэн тодорхойгүй үлдэж, төрийн шийдвэрийн гашуун үр дагаврыг байгаль орчин өөр дээрээ үүрч байна.
