Наран дээр дэлбэрэлт болсны улмаар соронзон шуурга шуураад буй. Үүнтэй холбоотойгоор дэлхийд туйлын туяа гэх сонин содон үзэсгэлэнтэй үйл явдал харагддаг билээ. Тэгвэл өчигдөр /2024.10.10/-ий өдөр Өвөрхангай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Баянхонгор зэрэг аймгуудад шөнийн 04.00 цагийн үед туйлын туяа үзэгдсэн аж.
Тодруулбал нар дэлхий хоёр 150 сая километрийн зайтай байдаг ч нарны салхи нь дэлхий болон бусад гарагуудад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Мөн туйлын туяа нь хэр өндөрт үүсэж байгаагаас хамааран өнгөний хувьд ялгаатай байдаг ажээ. Тухайлбал, газрын гадаргаас 100 орчим километрийн өндөрт ногоон, 200 километрт улаан, ягаан, харин 500 километрээс дээш өндөрт цэнхэр өнгөтэй байдаг аж. Дашрамд дурдвал одоогоос жилийн өмнө Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Архангай, Булган, Сүхбаатар зэрэг аймгуудад уг сонин содон улаан туяаны үзэгдэл тохиосон билээ.