Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн 60 жилийн ой энэ жил тохиож байна.
Тус сургуулийн хамт олон ойн баярын арга хэмжээгээ энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамны зочид төлөөлөгчид болон УИХ-ын гишүүд, сургуулийг үе үеийн удирдлагууд, багш, ажилчид, төгсөгчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн нийт төгсөгчдийн 90 орчим хувь нь гаднын улс орны тэтгэлэг авч, амжилттай суралцаж хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулдаг гэдгээрээ онцлог гэдгийг баярын хурлын үеэр тус сургуулийн захирал Жан Фэн Инг онцолж байсан юм.
Түүнчлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Цао Ли "Монгол-Хятадын "Найрамдал" сургууль хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд маш том хувь нэмэр оруулсаар өдийг хүрлээ. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл энэ сургуулийн түүхийг бичилцэж ирсэн бүх хүнд баярлаж, талархаж байна. Улс орны соёлыг гүн гүнзгий ойлгохын эхлэл бол тухайн улсыг хэлийг суралцахаас эхэлдэг. Тэтгэлэг аваад БНХАУ-д жил бүр суралцах явж байгаа хүүхдүүдэд хоёр орныхоо хөгжил цэцэглэлтийн гүүр нь болж яваарай гэж захья" гэлээ.
Монгол-Хятадын "Найрамдал" сургууль нь анх 1964 онд анх байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл олон арван сурагчдыг хос хэлтэй болгон төгсгөсөн байна. Тухайн сургууль нь дэлхийн "Хятад хэлний уран уншлагын тэмцээн" зэрэг олон улсын шинж чанартай тэмцээн уралдааныг бие даан амжилттай зохион байгуулжээ. Мөн сургуулийн төгсөгчид өдгөө салбар салбарын шилдэг боловсон хүчин болж, хоёр орны найрамдалт харилцаанд эерэг үр дүн үзүүлдэг нь тэдний бахархал аж.
ВИДЕО: