Нийслэлийн хэмжээнд авто зам болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр энэ сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 86 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Тухайлбал эрэгтэй 37, эмэгтэй 49, 0-18 насны хүүхэд 13 ирсэн байна. Халтирч унах гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож буй юм. Хүнд хэлбэрийн гэмтлийн тохиолдолд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна. Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөлөө.