Өнөөдөр, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 4-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Энэ сарын 6-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч энэ сарын 5-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 6-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -6...-11 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.