Морин спорт, уяачдын холбооны тэргүүнд гурван уяач нэр дэвшиж байна

Морин спорт, уяачдын холбооны тэргүүнд гурван уяач нэр дэвшиж байна

Монголын морин спорт, уяачдын холбооны VIII их хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Төрийн ордонд болно. Энэхүү хурлаар өнөөгийн морин уралдааны дүрэм журмын өөрчлөлт, хэрэгжилтийг хэлэлцэж, холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгох учиртай.

Мандатын комиссын гишүүд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх журмын дагуу хүсэлтээ ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан аж. Улмаар мандатын комисс нэр дэвшигчдийн материалыг хянан, өнөөдөр/2024.11.19/ холбооны төв байранд батламж гардуулжээ. Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчид дараах гурван хүн нэрээ дэвшүүлсэн гэнэ.

Монгол Улсын тод манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх

Төв аймгийн Баян сумын уугуул ММУХ үүсгэн байгуулагч анхны тэргүүн Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнх нь 2002 оны Ардын хувьсгалын 81 жилийн ойд 18 настайдаа хар даагаа түрүүлгэж байсан. Гаднаас нэг ч адуу худалдаж аваагүй аавынхаа бий болгож өгсөн "Их хангай" угшлын адуун сүргээс өөрийн унаган саран толгойтой зуузай, хатан сүйх тамгатай адуугаараа улс бүс их хурдаас 23, 24 айраг хүртэж "Тод манлай уяач" цолны эзэн болжээ.

Монгол Улсын тод манлай уяач Дашзэвгийн Дагвадорж

1996 оноос хойш улсад морь уралдуулж, 1998 оны улсын наадамд зээрд соёолон аман хүзүүнд хурдлуулснаас хойш төрийн наадмаас олон айраг, түрүү хүртжээ. Улс, бүсийн наадмаас гурван түрүү, арван гаруй айраг авсан аж. Завхан аймгийн Яруу сумын уугуул тэрбээр 2021 онд "Тод манлай уяач" цол авсан. Өмнө нь авсан байсан ч 2018 онд Ерөнхийлөгчийн зарлигаар цолоо хураалгасан түүхтэй.

Монгол Улсын манлай уяач Баасансүрэнгийн Нямжав

Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Б.Нямжав ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Б.Нямжав өмнө нь ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Түүний хувьд Төв аймгийн Баян сумын харьяат бөгөөд Ардын хувьсгалын 99, 100, 101 жилийн түрүү "Богд хээр" азарганы эзэн, "Дүнжингарав" бөхийн дэвжээний тэргүүн, мөн хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн "Төв азарганууд" багийн эзэн юм.