ХЭҮК-ын гишүүд Багануур дүүрэгт ажиллаж, Хилийн цэргийн 0252 дугаар ангид удирдамжтай хяналт шалгалт хийж байна

ХЭҮК-ын гишүүд Багануур дүүрэгт ажиллаж, Хилийн цэргийн 0252 дугаар ангид удирдамжтай хяналт шалгалт хийж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулан Багануур дүүрэгт 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажиллаж байна.

Тус нээлттэй өдөрлөгийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа өнөөдөр /2024.12.03/ Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга П.Төгөлдөр, ИТХ-ын ажлын албаны дарга Г.Гансэлэм, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг, Цагдаагийн хэлтсийн дарга, Хурандаа Эрдэнэбилэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Хурандаа н.Тамир болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцож байна.

Уулзалтын эхэнд Комиссын гишүүн Г.Нарантуяа “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийн хүрээнд Багануур дүүрэг дэх хүний эрхийн нөхцөл байдлын талаар санал солилцож, “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-II”-ын төсөлд санал авах хэлэлцүүлгийн төсөлд санал авах, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэж Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлэн ажиллах талаар хэллээ. Мөн тус өдөрлөгийн хүрээнд хүний эрхийн мэдлэг олгох сургалт, иргэдийн эрхийг хамгаалах, хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой хяналт шалгалт зохион байгуулах, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилттэй танилцаж зэрэг ажлуудыг зохион байгуулна гэдгийг илэрхийлэв. Мөн өдөрлөгийн үеэр Олон хууль тогтоомж хэрэгжиж эхэлж байгаатай холбоотой, алслагдсан дүүргүүдэд бэрхшээлтэй зүйл юу байгаа талаар мэдэх, холбогдох арга хэмжээг авах, иргэдийн гомдол мэдээлэл авах юм.  Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн дүүргийн хүний эрхийн нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг дэмжиж ажиллах талаар илэрхийллээ.

Тэрбээр "Багануур дүүрэгт 29 мянга 400 иргэн амьдарч байна. Нийт сонгуулийн насны 20 мянган иргэн байгаа бол идэвхтэй ажил хөдөлмөр эрхэлдэг 15 мянган иргэн, байнгын нийгмийн даатгалаа төлдөг 10 мянган иргэн байна. Төрийн байгууллага болон төрийн бус байгууллагад 5000 орчим иргэн байгаа бол уул уурхай болон эрчим хүчний байгууллагад 400 орчим иргэн ажилладаг. Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтаар Багануур дүүрэг маань хөгжил эргэж байгаа гэж үзэж байна. Багануур дүүрэгт шилжин ирэгсдийн дийлэнх нь орон нутгаас ирдэг" гэлээ.

Мөн тэрбээр дүүргийн иргэдийн хувьд хотын соёлд суралцах шаардлагатай байдаг гэдгийг тодотголоо.

Тэрбээр Дүүргийн хувьд Хүний эрхийн Үндэсний Комиссын хувьд жагсаал цуглаантай холбоотой асуудлаар холбогдож холбогдох мэдээ, мэдээллийг авч ажилласан. Сүүлийн үед цахим технологитой холбоотой хүний эрхийн асуудлаар цензургүй, эрээ цээргүй хүний нэр төр, алдар хүндэд халдах асуудлууд илүү гарч, улмаар хүний эрүүл мэнд, амиа хорлох хүртэл асуудлууд гарах нөхцөл байдлын бий болгож байна. Мөн цахим залилангийн асуудал маш их гардаг гэдгийг онцоллоо. Харин Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга П.Төгөлдөр "Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнд манай дүүрэгт гурван намын төлөөлөл сонгогдож, олон ургалч үзэл баримтлалтай ажиллах болсондоо талархаж байна. Хүний эрхийг дээдэлж байж зөв шийдвэр гарна гэж үзэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэний нийгмийн байгууллагуудаа цуглуулж хүний эрхийн төлөв байдлын талаар хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Мөн 2024 оны тайлангаа танилцуулж, бид юун дээр алдаад байна, юуг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна" гэв. Өдөрлөгийн үеэр ХЭҮК-ын гишүүд Хилийн цэргийн 0252 дугаар ангид удирдамжтай хяналт шалгалт хийж байна.