Монгол Улсын Засгийн газрын 2018.04.25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэл, “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018.5.10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу үүсэн байгуулагдсан “Тавантолгой Түлш” ХХК-ийн худалдааны төлөөлөгч буюу борлуулагч Ш.Чимидрагчаатай ярилцлаа.
-Та үзэгчдэд өөрийгөө товч танилцуулна уу?
Намайг Ш.Чимидрагчаа гэдэг. Би “Таван Толгой түлш” компанид 2019 оны 11 сараас эхэлж борлуулагчаар ажиллаж эхэлсэн.
ВИДЕО:
-Сайжруулсан шахмал түлшийг анх гарах үеэс нь эхлээд борлуулж эхэлсэн юм байна. Шахмал түлш анх гарч эхлэх үедээ хэр зэрэг чанартай байсан бэ?
-2019 онд анх шахмал түлш борлуулж эхлэх үед түлшний чанар сайн байсан. Маш сайн шатаж, утаа гардаггүй байсан. Налайх, Багануурын нүүрс түлж байсныг бодвол утаа нь арай багассан. Тэрнээс бүр утаагүй болоогүй. 2020 оны 10, 11 сард гарч ирсэн түлш нь арай их хогтой болоод савлагаа нь өөрчлөгдөөд, шуудай нь байхгүй болоод гарч ирсэн. Хүмүүс маш их шүүмжлээд, хэл ам гарч эхэлсэн. Тэгээд гурав дахь жилээс утаа нь бүр аймар болоод хүмүүсийн хоолой ам хорсоод эхэлсэн. Хүмүүс хэл ам хийгээд байхаар Таван Толгой түлшээс өдөр бүр хүмүүс ирж шалгаад, нэг шуудайнд төдий хэмжээний хог байх ёстой гэдэг заавар өгч, чийгшлийг нь шалгаж эхэлсэн. Дөрөв дэх жилээс нь тийм шалгалт байхгүй зүгээр л авчраад борлуулдаг болсон. Сайжруулсан шахмал түлшийг анх түлж байхад ямар ч үнэр байхгүй, маш их тортогтой, хувцас амархан халтартдаг, тоосжилт ихтэй байсан. Чийгшлийг нь шалгаад сайжруулж байна гээд яваад байсан чинь одоо бүр аймар хүхэр нь үнэртээд байгаа юм уу, өмхий нь үнэртээд байгаа юм уу, тортог нь дийлдэхээ болиод, үнс нь ч багассан юмгүй болчихлоо. Одоо хүмүүс бүр үнснээс нь хордоод байна.
-Би тодхон санаж байна л даа. 2020 оны сонгуулиар эрх баригчид утаагүй болгосон гэж ярьж байсныг. Гэтэл өнөөдөр агаарын бохирдол яг хэвээрээ. Харин ч бүр хоруу чанар нь илүү болсон гэж яриад байдаг?
-Сайжруулсан шахмал түлш анх гарч ирж байхдаа эрүүл гарч ирээд болж байсан юм бол яг тэрүүгээр нь яагаад хийж болохгүй байгаа юм, тийм биз дээ. Тэгэхгүй бүр улам хортой болгоод байна ш дээ. Хятадууд Эрээнд зүгээр гялгар нүүрсээ түлээд байж байгаа байхгүй юу. Тэгэхэд Хятадаас хогийг нь авч ирээд барьцалдуулаад монголчууддаа зараад байгааг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Хор нь бүр аймар байгаа биз дээ. Агаарын чанар шалгаж байна гээд байгаа хэрнээ ард түмэн яг юу хэрэглээд байгаагаа мэдэхгүй яваад байна. Тэрний тайлбар ерөөсөө байхгүй. Монголд шинжилдэг гэх баталгаа байхгүй. Шинжлээд бүх шинжилгээгээр сайн гарлаа гээд байхад хүмүүс хордоод байна.
-Та “Таван Толгой түлш” компанийн борлуулагчийн ажлаа яагаад хийхээ больсон бэ?
-“Таван Толгой түлш” компанид ажиллаад гурван жил болоход миний элэг шав шар болсон. “Энэ яахаараа шарлачихдаг юм бэ, би хүүхэд байхдаа ч шарлаж байгаагүй хүн, янз бүрийн B, C вирус ч байхгүй. Ямар сонин юм. Голомтноосоо шарлана гэхээр яадаг юм, үзүүлье” гэж эмчид хэлсэн. Эмч надаас цусны шинжилгээ аваад үзсэн чинь цусан дотор нь ямар ч сөрөг зүйл гараагүй. Зөвхөн элэг нь шарлачихсан байсан. Үүнийг би гурван жил “Таван Толгой түлш” компанийн түлшийг зарж, түлж, ашигласны үр дагавар гэж бодсон. Нэгт ийм шалтгаантай. Хоёрт манайх нүүхээр болсон. Нүүж ирсэн газраа ахиад түлш зардаг юм уу гэж бодсоноо бие дийлэхгүй байх гэж бодсон.
-Элэг шарласнаас өөр шинж тэмдэг, зовиур бий юу?
-Одоо гэртээ ажил хийхгүй зүгээр сууж байгаа мөртлөө үнснээс нь хордож байна гэдгийг л бүр хэлмээр санагдаад байна. Энэ үнсийг гаргахаар хамар хоолой руу цоргиод энэнээс харшлаад биеэр тууралт өгч эхэлсэн. Бас хоолой их чичирхийлдэг болсон. Танд анзаарагдаж байна уу. Өөр хүмүүст яаж нөлөөлж байгааг би мэдэхгүй. Надад ингэж нөлөөлөөд байна гэдгийг би мэдээд байна.
-Сайжруулсан шахмал түлш борлуулж байсан Жавхлан гэдэг залуу элэгний цироз, элэгний хавдартай болсон гээд хандив гуйж байсан. Ер нь таньтай адилхан борлуулагч нарт, “Таван толгой түлш” компанийн ажилтнуудад энэ мэт асуудал гарч байсан уу?
-Тэр Жавхлан гээд залууг би танина. Одоо гэхдээ амьд байгаа эсэхийг нь мэдэхгүй байна. “Таван Толгой түлш” компанийн тээвэрт гэхэд залуухан, жаахан хүүхдүүд ажилладаг байсан. Тэр хүүхдүүд өвлийн хэдэн сар тээвэрт яваад л уушги нь өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн, ажлаасаа гарчихсан байдаг. Нэг өвөл явсан машин бол дараа өвөл явна гэж бараг ховор доо. Хичнээн бие сайтай байгаад ч грушиг, тээврийн жолооч нар тоосонцор дунд, аймар нөхцөлд ажилладаг байх гэж боддог.
-Таныг шахмал түлш борлуулж байх үед иргэдээс бухимдал, зэвүүцлээ илэрхийлэх тохиолдол гарч байсан уу. Монголчууд шийдэж чадахгүй асуудалтай тулгарахаараа хэн нэгэнд уурлаж, бухимдлаа гаргаад байх шиг санагддаг?
-Шөнийн 00:00 цагт согтуу хүн хашаан дотор хэрэлдэнэ. Аргаа бараад би борлуулагч нарыг хариуцдаг менежер, няравтаа хэлж байсан. Бид нар ямар нохойд барьдаг мод юм уу. Та нар юу авч ирээд, юугаа зараад байгаа юм гэж хэлээд хэрэлдэж байсан удаатай. Тэд нар нь цаашаагаа уламжилж хэлсэн эсэхийг мэдэхгүй.
-“Таван Толгой түлш” компанид ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан уу. Гэрээнд компанийн үйл ажиллагааны талаар сөрөг мэдээлэл ярьж болохгүй гэдэг ч юм уу зүйл заалт байсан уу. Эсвэл аман байдлаар зааварчилгаа өгөх ч юм уу?
-Жил бүр гэрээ хийдэг байсан. Гэрээний хувь байгаа, надад. “Таван Толгой түлш” компанид гурван жил ажиллахдаа зарж борлуулсан, төлбөр тооцоо, тамга, гарын үсэгтэй бүх баримтууд энд байгаа. Миний мөнгө шилжүүлсэн бүх зүйл энд байгаа. Гэрээ хийдэг байсан. Гэрээ нь энэ байна. Худалдааны төлөөлөгчийн гэрээ гээд ийм гэрээтэй. Ер нь тийм буруу зөрүү юм ерөөсөө ярихгүй. Ярьж болохгүй. Цалингаа авч байгаа учраас энэ газраас хоолоо идэж байгаа учраас энэ ажлаа сайн хийх ёстой гэсэн ойлголттой, тултал нь ажиллах ёстой л гэж боддог байсан.
-Бидэнтэй илэн далангүй ярилцах шийдвэр гаргасанд баярлалаа.
-Би чинь бас үр хүүхэдтэй хүн. Өөрөө шахмал түлш зарж борлуулаад хордоод дуусдаг юм байгаа биз. Үр хүүхдүүддээ эрүүл саруул өсгөмөөр байна шүү дээ. Өнөөдөр үнэхээр энэ бүхнийг хэлмээр санагдаад ярилцлага өгөхөөр шийдсэн. Одоо манай гэрт ингээд утаа байхгүй. Тэгсэн хэрнээ үнэртэй байгаа биз. Хамер ч юм шиг, хүхэр ч юм уу, дарь шатаахаар хүхэр үнэртдэг ш дээ. Тэр ш дээ. Хор л байгаа биз дээ. Одоо энд бид нар хордоод л сууж байна. Өчнөөн хүн яриад, өчнөөн хүн үхээд байхад нууцлагдаад байгаа юм уу, дарагдаад байгаа юм уу, тэрийг судалдаг хүн байдаггүй юм уу, бүү мэд.