БИДНИЙ ТУХАЙ: Монгол хүний эко системийг мэдэж чадвал, Дэлхийн олон сая хүн “Сүү”-ээр илчлэгээ нөхөх боломжтой

БИДНИЙ ТУХАЙ: Монгол хүний эко системийг мэдэж чадвал, Дэлхийн олон сая хүн “Сүү”-ээр илчлэгээ нөхөх боломжтой

Америкийн “Popular Science” сайтад Монголчуудын талаар нэгэн сонирхолтой судалгаа нийтлэгджээ. Генетик судлаач Кристина Вариннер “Үхрийн сүүнд агуулагддаг казейн хэмээх уургийн 70 хувийг хүний бие боловсруулж чаддаггүй. Гэтэл Монголчууд өдөр бүр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэн илчлэгийнхээ ихэнх хувийг нөхдөг. Үүний нууц юунд оршино вэ?” хэмээн Хөвсгөл аймагт очин судалгаа хийж нэгэн сонирхолтой таамаглалыг дэвшүүлжээ.

Та бүхэн Монголчуудын уламжлалт идээ Америк судлаачийн нүдээр хэрхэн дүгнэгдэж, ямар таамаглал дэвшүүлснийг энэхүү судалгаанаас сонирхоорой.

-МОНГОЛЧУУД УЛАМЖЛАЛТ ТЕХНОЛОГИЙН ДАГУУ ЦАГААН ИДЭЭГЭЭ
БЭЛТГЭН ЭРҮҮЛ АМЬДАРЧ БАЙНА-

Улаанбаатар хотоос хойд зүгт 600 км-ийн зайд Хөвсгөл аймаг оршдог. Автобусаар 13 цаг явдаг ч хэрэв таньд энэ хугацаа урт санагдвал онгоцоор Мөрөн хот хүртэл яван, цааш шороон замаар гурван цаг явж Хөвсгөл нуурт очиж болно... Хөвсгөл аймаг, Хатгал сум. Цэнхэр тэнгэр, зүлгэн ногоон тал, өргөө цагаан гэрүүд энэ орны уламжлалт дүр зургийг харуулж байлаа. 2017 оны долдугаар сард генетикч Кристина Вариннер Монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүнийг судлахаар энд иржээ. Тэр Хатгалаас жуулчдад сүүн бүтээгдэхүүн зардаг нэгэн хоршоог олсон юм. Энэ хоршоо Монголчуудын уламжлалт идээ болох сүүн бүтээгдэхүүнээр дүүрэн байх аж. Бүсгүйчүүд нь гараа ааруулны шүүсээр угаах нь тун сонин.

“Энэ хоршооны үнэр үнэхээр өвөрмөц, бас хүчтэй. Охиноо төрүүлээд хөхүүлж байх үеийг маань надад санагдуулж байсан” гэж тэр хэлсэн юм.

Түүний очсон айл бүрийн голд пийшин байх бөгөөд гэрийг тойруулан түүхий болон боловсруулсан цагаан идээ байх аж. Түүнийг нэгэн айлд  зочлох үеэр адуучин залуус айраг болон, нэрмэл архи авчиржээ. Айргийг зөвхөн гүүний сүүгээр хийдэг. Ааруулыг бас л малын сүүгээр хийх бөгөөд хэд хоногийн турш наранд хатаадаг бөгөөд шүдээ өвтгөхгүйн тулд цайнд дэвтээж идвэл илүү тохиромжтой. Харин бяслагийг идэхэд илүү хялбар. Ээзгий гэж нэрлэдэг хатуу идээ гаднаасаа яг л попкорн шиг харагддаг бөгөөд даавуун уутанд хийн удаан хугацаанд хадгалж болно. “Тараг нь яг л тослог йогурт шиг үнэхээр амттай” гэж тэр хэлж байлаа.

Гэхдээ тэр хоолны дур сонирхлоо ярихаар Хатгалыг зориогүй. Харин тэр Монголчуудын генийг судлахаар ирсэн. Тодруулбал, Монголчуудын хамгийн ихээр хэрэглэдэг сүүнд агуулагддаг казейн хэмээх уургийн 70 хувийг хүний бие боловсруулж чаддаггүй. Гэтэл Монголчууд өдөр бүр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэн илчлэгийнхээ ихэнх хувийг нөхдөг. Үүний нууц юунд оршино вэ? Хэрэв Монголчуудын энэхүү экосистемийн учрыг тайлж чадвал дэлхий даяар олон сая хүн сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэн илчлэгээ нөхөх боломжтой гэж тэр үзжээ.

Неандарталын шүд

-МОНГОЛЧУУД ӨНӨ УДААН ЖИЛ ЦАГААН ИДЭЭ ХЭРЭГЛЭЖ, ШИМ
ТЭЖЭЭЛЭЭ НӨХӨЖ ИРСНИЙ ШАЛТГААН НЬ ТЭДНИЙ УЛАМЖЛАЛТ
 ЦАГААН ИДЭЭ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИТОЙ ХОЛБООТОЙ-

Вариннер Хөвсгөлд байх хугацаандаа нэгэн сонирхолтой судалгааг хийсэн байна. Тэрээр эртний олдворт хадгалагдан үлдсэн бичил биетнийг судлах шинэ арга олж эртний хүмүүсийн хооллолтыг судалж эхэлжээ. Нидерландын газар нутгаас олдсон "неандарталын" шүдийг микроскопоор харахад тэр үеийн хүмүүс ургамал болон мах хослуулан хэрэглэдэг байснийг олж тогтоожээ.

Энэхүү аргаар археологичидтой нийлэн хэдэн мянган жилийн өмнөх араг яснуудыг цуглуулан ДНХ-г шалгахад тэдний “лактоза” боловсруулах чадвар орчин үеийн Монголчуудтай яг адилхан болохыг олж нээсэн байна.

Сүүний сахар буюу лактоза нь хоёр нүүрс усны хэлбэрээс бүрддэг. Сүүний сахар биед шингэхдээ глюкоз, галактоз болж задарсны дараа нарийн гэдсээр шимэгддэг. Сүүний сахарыг задалж биед шингээх хэлбэрт шилжүүлдэг фермент болох "лактаза" ферментийн ялгаралт хүний биед хангалтгүй байснаас сүү шингээх чадвар буурдаг байна. Тэгэхээр Монголчуудын биед лактаза ферментийн ялгарал илүү их байдаг гэсэн үг. Гэхдээ үүнээс чухал зүйлийг тэр олж харжээ.

Энэ бол цагаан идээ бэлтгэх технологи юм.  Монгол малчид цагаан идээ боловсруулахдаа ашигтай бактери үүсгэн исгэх байдлаар хийдэг. Түүнийг хөрөнгө гэж нэрлэдэг. Харин Өрнийн сүүн бүтээгдэхүүнүүд ихэвчлэн мөөгөнцөр болон тугалын ходоодонд байдаг фермент ашиглан хийгддэг байна. Өөрөөр хэлбэл ашигтай бактеруудыг устгаж орхидог аж.  Варринерийн үзэж буйгаар Монголчууд өнө удаан жил цагаан идээ хэрэглэж, шим тэжээлээ нөхөж ирсний шалтгаан нь тэдний уламжлалт цагаан идээ бэлтгэх технологитой холбоотой ажээ. Хэдийгээр техник технологи хурдацтай хөгжин, аж үйлдвэржилтийн дараагийн хувьслыг эхлүүлэх цагийг наашлуулж буй ч уламжлалт технологийн дагуу Монгол малчид цагаан идээгээ боловсруулж, эрүүл саруул амьдарч байгаа нь гайхалтай юм.