Улаанбаатарын 23 мянган айлыг дулаалах ажилд ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫГ дайчлах гэж буй нь залхуу иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлнэ

Улаанбаатарын 23 мянган айлыг дулаалах ажилд ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫГ дайчлах гэж буй нь залхуу иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хоёр жилийн хугацаанд 100 мянган айлыг “Утаагүй бүс” болгоно гэж мэдэгдсэн. Үүний тулд айл өрхүүд рүү газын хэрэглээг үе шаттай нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн гэж буй.

-"УТААГҮЙ БҮС"-ИЙГ БЗД, СХД-ИЙН АЛЬ НЭГТ ЗАРЛАЖ, ТУС БҮС ДЭХ АЙЛУУДЫГ ДУЛААН АЛДАГДАЛГҮЙ БОЛГОХ АЖЛЫГ ИРЭХ САРААС ЭХЛҮҮЛНЭ-

Энэ жилийн тухайд 84 мянган айлын зуухыг шинэчлэхээс гадна 2000 орчим айлыг цахилгаан халаалтад шилжүүлж, сайжруулсан түлшний найрлагыг өөрчилж, 2025 ондоо багтан 50 мянган айлыг эхний ээлжинд газын хэрэглээнд холбох аж. Энэ мэт нйслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэргэд Шуурхай штабыг байгуулсан. Уг Шуурхай штабын хурлыг долоо хоног бүрийн бямба гарагт зохион байгуулж байгаа бөгөөд шийдвэр гаргах бүхий л түвшний албан тушаалтнууд энд багтан ажиллаж байна.Тэгвэл 2025 ондоо багтан газанд холбох 50 мянган айл өрхийг дулаалах ажилд яамд, цэргийн ангийн алба хаагчдыг татан оролцуулах шийдвэрийг Шуурхай штабаас гаргасан нь олон төрийн албан хаагчдын бухимдлыг төрүүлж эхэлжээ.  Тодруулбал, “Утаагүй бүс”-ийг нийслэлийн аль дүүрэгт зарлахаа Шуурхай штабын хуралдаанаас тодорхой болгох аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт “Утаагүй бүс”-ийг зарлах бололтой. Тус бүсэд багтсан эхний ээлжийн 23 мянган айл өрхийг ирэх 10 дугаар сараас газын хэрэглээнд холбох бөгөөд түүнээс өмнө тус айлуудыг ч дулаан алдалтгүй болгох аж. Тиймээс ирэх дөрөвдүгээр сараас  эхлэн бүх яамдын ажилчдыг дээрх бүсэд оршин суух айлуудаар явуулж судалгаа хийлгэх гэнэ.

-ЯАМДЫН АЖИЛЧИД АЙЛ ӨРХҮҮДЭЭР ЯВЖ ДУЛААН АЛДАЛТЫГ НЬ СУДАЛНА-

Яамдын ажилчид айл өрхүүдээр орж эздээс нь “Танайх дулаан алдалттай юу”, “Хаагуураа дулаан алдаж  байна”, “Дулаан алдалтыг зогсоох ямар ажлыг хийвэл зохистой вэ” зэрэг хэд, хэдэн асуултад хариулт авч тодорхой болгох юм байна. Мөн дулаалгын компаниудын танилцуулга, үнийг саналыг айл өрхүүдэд санал болгох аж. Одоогоор “Монгол базальт” ХХК тэргүүтэй хоёр компани айлуудыг дулаан алдалтыг зогсоох ажилд оролцох боломжтой гэх танилцуулгаа  шуурхай штабт ирүүлжээ. Тус компаниуд нэг айлыг 9 сая төгрөгөөр ямар ч дулаан алдалтгүй болгоно гэсэн байна.  Гэхдээ үнийн хувьд хэт өндөр байгаа учир өөр компаниудын танилцуулга, үнийн саналыг хүлээж байгаа гэв.  Учир нь 9 саяын үйлчилгээг худалдан авч дулаан алдалтаа зогсоох боломжтой айл цөөн гэж ажил хариуцсан хүмүүс үзэж байгаа аж.

Хэрвээ өөр бусад компаниуд үнийн саналаа, хийх ажлын танилцуулгын хамт ирүүлбэл яамдын ажилчид тэр бүгдийг айлуудад танилцуулж саналыг нь авах бололтой. Судалгааг  ирэх есдүгээр сарыг дуустал авч үргэлжлүүлэн аравдугаар сараас айлуудыг хийн хэрэглээнд холбож эхлэх аж.

-ЭНЭ АЖЛЫН ХҮРЭЭНД ЗАСГИЙН ГАЗРААС ТОГТООЛ, НЗДТГ-ААС ЖУРАМ ГАРГАЖ МӨРДҮҮЛНЭ-

Удахгүй Засгийн газраас тогтоол гаргах бөгөөд тогтоолыг дагалдуулж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас журам боловсруулах нь. Үүний дараа журмыг НИТХ-аар батлуулах аж. Тэгвэл яамдын ажилчид буюу төрийн албан хаагчид ирэх мягмар гарагаас эхлэн айл, айлын хаалга нүдэж дулаан алдалттай эсэхийг нь асууж, шалгаахаас халгаж байгаагаа ярьж байна.

 "Улаанбаатар хотыг утаанаас нь салгах гэж байна, өөр ямар арга байгаа  юм" гэж магадгүй ч утааг бууруулах цаашлаад айлуудын зуухыг шинэчлэх, түлш шинэчлэх, хийнд холбох зэрэг ажилд төр оролцох ямар ч шаардлагагүйг мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ бүх ажлыг хувийн хэвшилд даатгахад л тэд гадны орнуудын технологийг олон төрлөөр нь хямд үнээр сонголттойгоор оруулаад ирнэ. Тэдэнд, хангалттай нөөц боломж ч бий. Төр стандартаа тавиад л энэ ажлаас холдох ёстой юм.

Гэтэл зуух солих, яндан хөөлөх ажилд төр оролцдог, зуучилдаг, цаашлаад мөрөөрөө ажлаа хийж буй төрийн албан хаагчдыг татаж оролцуулах байна. Энэ удаад ч мөн хувийн хэвшилд даатгахад тэд өөрсдөө айлуудын дулаан алдалтыг хэмжиж, зогсоох ажлыг хийх боломжтой юм.

Төрийн албан хаагчийн ажлын эрх, үүрэгт айл өрхүүдийг дулаалах ажил багтаагүй бөгөөд тэд ч гэсэн амьдралтай хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Түгжрэл бууруул гэхээр төрийн албан хаагчдын машин унах эрхийг хязгаарлаж заавал автобусаар яв гэж тулгадаг, халдварт өвчин гарахад эргүүлд гаргуулдаг гэх мэтээр асуудал гарах бүрт төрийн албан хаагчдыг "чангалдагаа" болих хэрэгтэй. Төр ажлын байраар хангаж байгаагаараа өөртөө давуу байдал бий болгож төрийн албан хаагчийн хуулиар хүлээгээгүй үүргийг тулгаж болохгүй юм.

Төрийн албан хаагчид нь айлуудын дулаан алдалтыг хэмжих мэргэжлийн ч хүмүүс биш. Өмнө нь төр айлуудын янданг хөөлж өгч байв. Энэ удаа дулаалгыг нь хийж өгөх нь. Угтаа бол тухайн айлынхан өөрсдөө зуух яндангаа хөөлж, гэрээ дулаалах ёстой. Гэтэл төр өмнүүр нь орж гэрийг нь дулаалж өгч буй нь "Хорооноос гэр өгчихгүй юм" гэж ярьдаг бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсийн тоог нэмэх л ажил гэж харагдаж байна.