Өнөөдрийн УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас төсөвт тодотгол хийх эсэх талаар тодрууллаа.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Эрчим хүчний үнийн өсөлтийг ард түмэн маань шүдээ зуугаад тэсээд гарлаа. Одоо тавдугаар сарын 1-нээс дулааны үнэ нэмэгдэх гэж байгаа. Ер нь энэ үнийн өсөлт дээрээ нөлөөллийн судалгаа хийж үзсэн үү. Иргэд ямархуу байдалд орсон байна. Одоо дулааны үнийг нэмэх зайлшгүй шаардлага байна уу. Эрчим хүчний, цахилгааны үнийг арай гэж тэсч гарсан хүмүүс дулааны үнийн өсөлтийг тэсч чадах болов уу. Юу гэж бодож байна. Иргэдтэй уулзаад явахад иргэдийн зүгээс асуудаг хамгийн эхний зүйл болчихоод байна. Одоо дулааны үнэ, усны үнэ нэмэгдэх гэж байна. Энд ямар судалгаа шинжилгээ хийж үзсэн юм болов уу. Дараагийн дугаарт, сангийн сайдаас асууя. Валютын нөөц, ханшийн асуудал чинь ер нь хүндэрчихсэн байна. Төсвийн тодотголынхоо бэлтгэлийг хийж байгаа юу. Төсвийн зарлагыг бууруулах чиглэлээр та хэд маань судалгаа, шинжилгээ хийж үзэж байгаа юм уу. Төсвийн тодотгол хийж, зарлагаа бууруулвал яасан юм бэ гэдэг асуултыг таньд тавьмаар байна.
Б.ЖАВХЛАН: НҮҮРСНИЙ ҮНЭ УНАСАН. ҮҮНИЙГ ДАГААД ОРЛОГО ДЭЭР ЦОХИЛТ ИРНЭ
Сангийн сайд Б.Жавхлан: Зардлын асуудал дээр бол бид бүгдээрээ нэг шугаман дээр байгаа гэж ойлгож байгаа. Тийм ч учраас бид бүтээн байгуулалтуудаа эрэмбэлээд төсөв дээрээс хийж дийлэх зүйлсээ хойш нь тавьсан. Орлогынхоо хэмжээнд зардлаа төсөвлөнө гээд хуульчилсан байгаа. Гагцхүү төсвийг гарцаагүй нэмэх шаардлага оруулчихаад байдаг хууль эрхзүйн орчинтой холбоотой асуудлууд байгаа. Өмнөх жил төсөв батлахад бид төсвөөс болж шууд зардал нэмэгдээд байгаа асуудлыг их хурал дээр ярья гээд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Тун удахгүй их хурлаар энэ асуудал орж ирээд хэлэлцэгдээд явна. Энэ дээр та бүхэн сайн хамтарч, танаж болох зардлуудаа тодорхой болгочих юм бол багагүй хэмжээний зардал хасагдана. Шууд хуулийн заалтаар энэ жил 4.5 их наядын зардал нэмэгдэж орж ирсэн байгаа. Багтаагүй цаана нь 2 их наяд байгаа. Эдгээр дээр зоригтой шийдвэр гаргаад зохицуулалт хийж чадвал энэ хэмжээгээр багасна гэсэн үг. Нөөцийн хувьд бид амаргүй үеэ давж байна. Нүүрсний үнэ унасан. Үүнийг дагаад орлого дээр цохилт ирнэ. Гэхдээ дөнгөж нэгдүгээр улирал дуусч байна. Улирлын шинжтэй экспорт нэмэгддэг улирлууд урд байна. Бусад түүхий эдүүдийн үнэ боломжийн байна. Бүх боломжоо ашиглаад явна. Тодотголын хувьд гэнэт өглөө босч ирээд хийчихдэг зүйл биш. Хуулиараа “Ийм нөхцөлд хийнэ” гэж заасан байдаг. Тэрэнд хараахан хүрээгүй байна. Орлогоо нэмэх, орлогоо хамгаалах, зардлаа бууруулах, хөрөнгө оруулалтуудаа тодорхой хэмжээнд эрэмбэлэх зэрэг Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд хийдэг. Түүнийхээ араас явж байна.