УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Болормаа нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас хандив авч, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг магадгүй зөрчиж, төрийн өндөрлөгт хүрсэн байж болзошгүй байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаа гадаадын хэнээс, яах гэж хууль бус хандив авав гэдгийг бид энэ удаад хөндөж, дараах баримт мэдээллийг дэлгэж байна.
ВИДЕО:
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, төрийн бодлогын хараат бус байдлыг хамгаалахын тулд УИХ-ын гишүүдийг гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, гаднын иргэнээс хандив авахыг Монгол Улсын сонгуулийн тухай хууль бол Авлигын эсрэг хуулиар хатуу хориглодог. Учир нь УИХ-ын гишүүн нь зөвхөн Монгол Улсын иргэдийн төлөөлөл байх ёстой. Харин УИХ-ын гишүүд гадаадаас хандив аваад эхэлбэл тухайн гадаадын иргэн, байгууллагын ашиг сонирхлыг бодон ажиллах эрсдэлтэй. Гэтэл УИХ-ын гишүүн Э.Болормаа нь Сонгуулийн хууль зөрчиж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, улмаар өдгөө хууль тогтоох дээд байгууллагад иргэдийг төлөөлөн ажиллаж байгаа нь анхаарал татаж байгаа юм.
-ХУУЛЬ БУС ХАНДИВ АВЧ, СОНГУУЛЬДАА ЗАРЦУУЛСАН Э.БОЛОРМААГ НЭР ДЭВШИГЧЭЭС НЬ ТАТАХ БОЛОМЖТОЙ БАЙЖЭЭ-
Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн компанит ажилдаа нийт 789 орчим сая төгрөгийг зарцуулсан байдаг. Үүнийх нь 460 сая төгрөгийг нь 17-н компани хандивласан бөгөөд эдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани байгааг Үндэсний аудитын газрын “нэгдсэн тайлан”-аас харж болно.
Мөн Э.Болормаагийн ХААН банкны 5107157116 тоот дансанд гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдөр “бизнесийн орлого” гэсэн утгатайгаар хандив өгсөн байдаг. Гэтэл Э.Болормаа уг хууль бус хандивыг буцаан шилжүүлээгүй гэдэг нь түүний 2024 оны зургаадугаар сард Үндэсний аудитын газарт өгсөн “явцын тайлан” ч нотолж байгаа юм.
Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56.1.1 дэх хэсэгт "гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасан бол мөн хуулийн 56.2-т “Гадаадын хөрөнгө оруулалттай компани хандив өгсөн бол буцаан шилжүүлнэ” гэж заажээ. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийг ЭНД ДАРЖ уншина уу.
Гэтэл Э.Болормаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хандивын мөнгийг буцаахгүйгээр, сонгуулийнхаа ажилд зарцуулсан байгаа юм.
Үнэндээ эрх бүхий байгууллага Э.Болормааг хууль бус хандиваа буцаан шилжүүлээгүйг нь “явцын тайлан”-нд нь үндэслэн сонгуулийн дүн гарахаас өмнө тогтоож, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлэх боломжтой байсан. Энэ талаар Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 75.2-д ч тодорхой заажээ. Гэтэл Э.Болормаад хууль үйлчлээгүй байна.
Учир нь Үндэсний аудитын газар сонгуулийн дараа нэр дэвшигч Э.Болормаад хандив өгсөн нийт 17 компаниас 9 компанийг нь түүврийн аргаар сонгож, шалгаад “зөрчилгүй” гэх дүгнэлтийг гаргасан гэж тайлбарлаж байгаа. Гэтэл энэхүү шалгалтад нь гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорэйшн" компани багтаагүй байгаа юм. Магадгүй төрийн аудитын байгууллага илт хууль зөрчсөн байж болзошгүй Э.Болормаагийн үйлдлийг хаацайлахын тулд хандив өгсөн 17 компаниас ердөө 9-г нь л сонгон шалгаад зөрчилгүй гэх дүгнэлтийг гаргасан уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
-Э.БОЛОРМАА ХУЛЬ БУС ХАНДИВЫГ СОНГУУЛИЙН ҮЕЭР БУЦААН ШИЛЖҮҮЛЭЭГҮЙ СОНГУУЛИЙН АЖИЛДАА ЗАРЦУУЛЖЭЭ-
Харин сонгуулийн зардалд хяналт, шалгалт хийсэн "Нийслэл аудит" ХХК “УИХ-ын II тойрогт нэр дэвшигч Э.Болормаагийн ХААН банк дахь сонгуулийн зардлын дансанд гүйлгээ хийсэн “Ханбогд Эксплорайшн” компанийн хандивласан 30 сая төгрөгийн хандив нь хууль бус хандив байсан. Дээрх хандивыг сонгуулийн тухай хуулийн дагуу буцаах ёстой байсныг буцаагаагүй сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан байна” гэдгийг нь тогтоож, энэ талаараа Үндэсний аудитын газарт 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр алба тоотоор илгээсэн байна.
УИХ-ын гишүүн Э.Болормаа нь нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ханбогд Эксплорэйшн" компанийг “Хандив өгөөд бүртгэлээ сольсон компани” гэсэн утгатай үгээр тайлбарласан байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ “Ханбогд Эксплорэйшн" компани нь анх 2006 онд байгуулагдсан бөгөөд гадаадын нэр бүхий таван иргэн 2020 онд “эцсийн өмчлөгч” гэж бүртгүүлсэн байгаа юм. Үнэндээ 2024 оны сонгуулиас ч өмнө тус компани гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан гэдэг нь УБЕГ-ын нээлттэй мэдээллээс тодхон харагдаж байна. Харин УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа “Ханбогд Эксплорэйшн" компани бүртгэлийн мэдээллээ дахин шинэчилсэн нь Э.Болормаад өгсөн хууль бус хандиваа нуун далдлах зорилготой байсан уу гэх хардлагыг ч мөн төрүүлж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаад хандив өгсөн гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорэйшн" компани нь ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Kuok Hui Kwong, Kuok Khoon Chen, Kuok Khoon Ean гэх гадаад улсын таван иргэний эзэмшлийн компани аж.
Хамгийн ноцтой нь "Ханбогд Эксплорэйшн" компанийн ард байдаг гадаадын таван иргэний эзэмшлийн “Вестерн монголиан девелопмент” компани Э.Болормаагийн сонгогдсон Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт “Зос уул”-ын алтны үндсэн ордоос хүдэр олборлох тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байгаа юм.
Мөн “Ханбогд Эксплорэйшн" компани УИХ-ын II тойрогт багтах Завхан аймагт уул уурхайн ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшиж, хууль шүүхийн байгууллагад хандаж байсан баримт ч байна. Магадгүй энэ нь тухайн компани Э.Болормаад хандив өгч, монголын төрд төлөөлөлтэй болж асуудлаа шийдүүлэх гэсэн оролдлого уу гэсэн хардлага ч төрж байна.
-ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ХУУЛИЙН ЦООРХОЙ-
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д, “Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгогдох, сонгох эрхтэй” гэж заасан нь зөвхөн Монгол Улсын иргэд сонгох, сонгогдох эрхийг эдэлнэ гэсэн үг юм. Үүнтэй уялдуулж Сонгуулийн тухай хуульд гадаадын байгууллага, гаднын иргэнээс хандив авахыг хориглож, энэ нь Монгол Улсын дотоод хэрэгт гаднын нөлөө орохыг хязгаарлахад чиглэсэн.
Гэтэл УИХ-ын гишүүн Э.Болормаа нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийг магадгүй зөрчиж, төрийн өндөрлөгт хүрсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 17.1.23-д “Хандив өгөхийг хуулиар хориглосон этгээд хандив өгсөн, тус хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол … хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг торгоно” гэж заажээ. Энэ үндэслэлээр ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх алба шалгаж, Эрүүгийн хэргийн шүүх шийтгэл оногдуулах зохицуулалттай. Харин Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан үйл баримтыг өдгөө АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
-УИХ-ЫН ГИШҮҮН Б.ТҮВШИН, О.АМГАЛАНБААТАР НАРЫН СОНГУУЛЬД АЖИЛЛАСАН ИРГЭДИЙГ "СОНГОГЧИЙГ МӨНГӨӨР ТАТАЖ, САНАЛ ХУДАЛДАН АВСАН ХЭРЭГТ БУРУУТГАЖЭЭ-
Тэгвэл УИХ-ын II тойрогт сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл ганц Э.Болормаагаар зогсохгүй нь бололтой. Тодруулбал, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгуудад нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Б.Түвшин, О.Амгаланбаатар нарын сонгуулийн сурталчилгааны ажилд оролцсон гурван иргэнийг “сонгогчийг мөнгөөр татаж, санал худалдан авсан” хэрэгт буруутган, тэдийг 1-5 жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлийн 2.3-т заасан зүйл ангиар яллагдагчаар татан, хэрийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.
Хачирхалтай нь, УИХ-ын гишүүн Б.Түвшин, О.Амгаланбаатар нарыг уг хэрэгт татаагүй нь анхаарал татаж байна. Учир нь “санал худалдан авсан” мөнгө нь Б.Түвшин, О.Амгаланбаатар нарынх байх магадлалтай бөгөөд тэд төрийн өндөр албан тушаалтан болсон тул хуулийн байгууллага тэднийг шалгахгүй байна гэсэн хардлагыг ч төрүүлж байна.