Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс нэг хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн аж.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас нэг хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.