Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар хоёулаа "гомдолтой" гэсэн тул тэднийг "Танхайрах", "Хүний биед халдах" гэсэн зүйлчлэлээр холбогдогчоор татан шалгаж эхэлжээ

Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар хоёулаа "гомдолтой" гэсэн тул тэднийг "Танхайрах", "Хүний биед халдах" гэсэн зүйлчлэлээр холбогдогчоор татан шалгаж эхэлжээ

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний /2025.04.29/ өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, шууд дамжуулалт хийсэн. Энэ үеэрээ маргаан үүсгэж, эцэст нь хоёр биенийхээ биед халдсан байдаг.

Үүний дараа Ж.Энхжаргалан мэдээлэл хийж, "Д.Мөнх-Эрдэнэ өөрийг нь гүтгэсэн" гэх тайлбарыг өгсөн юм. Улмаар цагдаагийн байгууллагаас тус хэргийг шалгаж эхлээд байв. Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүсийг зөрчлийн хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийн шууд дамжуулалт хийж, маргаан үүсгэсний дараа Ж.Энхжаргалан нь цагдаагийн байгууллагад "Гомдол мэдээлэл" гаргасан аж. Улмаар холбогдогч нараас тайлбар мэдүүлэг авах үед иргэн Д.Мөнх-Эрдэнэ ч мөн "Гомдолтой" гэдгээ илэрхийлжээ.

Тиймээс иргэн Д.Мөнх-Эрдэнэ болон "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нарыг Зөрчлийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу танхайрах, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу хүний биед халдах гэсэн зүйл заалтаар холбогдогчоор тооцож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Ташрамд өгүүлэхэд,  Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл /Танхайрах/-ийн 1-д "Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

  • 1.1.хэрүүл маргаан үүсгэж;
  • 1.2.бусдыг өдөөн хатгаж;
  • 1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
  • 1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
  • 1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Мөн хуулийн 5.3 дугаар зүйл /Хүний биед халдах/-ийн 1-д "Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.