Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял шийтгэгдсэн Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал өнөөдөр болно.
Тодруулбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 326 дугаар магадлалтай, П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Улсын дээд шүүх хянан хэлэлцэх юм.