З.Дашдавааг АТГ-ын даргаар улируулан томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцуулав

З.Дашдавааг АТГ-ын даргаар улируулан томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцуулав

Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг улируулан томилсон Улсын Их Хурлын 33 дугаар тогтоол нь 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс даган мөрдөгдөж эхэллээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Авлигатай тэмцэх газарт хүрэлцэн ирж, Зандраагийн Дашдавааг улируулан томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус газрын албан хаагчдад танилцуулж, гардуулан өгөв.

iaac

З.Дашдаваа нь Улсын Их Хурлын 2019 оны 37 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсон бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд хуульд заасан чиг үүргээ хариуцлагатай, шударга, үр дүнтэй хэрэгжүүлэн ажилласан хэмээн дүгнэж, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдаас анх удаа улируулан томилох саналыг УИХ-д уламжилсан юм. Уг саналыг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувь нь дэмжиж баталсан.  

iaac

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тогтоолыг гардуулсны дараа үг хэлэхдээ “Өнөөдөр онцлог түүхэн өдөр болж байна. З.Дашдавааг улируулан томилж байгаа нь Авлигатай тэмцэх газрын удирдлага, хамт олон хууль дээдлэх, шударга ёсыг сахиулах чиг үүргээ сайн гүйцэтгэж байгааг үнэлсэн УИХ-аас өгч буй үнэлэлт юм. Танай хамт олонд өгч байгаа ард олны итгэл найдвар гэж бас ойлгож болно. Хууль ном ёсоороо хэрэгжиж байгаа газарт шударга ёс тогтоно. Үүнийг төрийн албан хаагч бүр маш сайн ойлгох ёстой. Авлигатай тэмцэх цаашдын бодлого, үйл ажиллагааг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны зүгээс байнга дэмжиж хамтран ажиллана. Хүнд хэцүү албандаа улам их амжилт гаргахыг та бүхэнд хүсье” гэв.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тогтоолыг гардан авсны дараагаар “НҮБ-ын Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жил, Авлигын эсрэг хууль хэрэгжээд 19 жил болж байна. Манай хамт олон 19 дэх жилдээ ажиллаж байна. Би энэ байгууллагын 5 дахь дарга. Бүрэн эрхийн хугацаанд та бүхэнтэйгээ хамтран ажиллалаа. Өнгөрсөн 6 жилийн ажлыг үнэлж УИХ-аас дахин 6 жилээр улируулан томиллоо. Та бүхэн чуулганы нэгдсэн хуралдааныг үзсэн байх. Нэгдсэн хуралдаанд үг хэлсэн УИХ-ын гишүүдийн үг бол ард түмний бидэнд хандан хэлж байгаа үг гэж ойлгох ёстой байх. Энэ бол ард түмний үзүүлж буй итгэл. Бид бүхэнд ард түмэн авлигатай амжилттай тэмц гэсэн итгэл найдвар өглөө гэж үзэж байгаа. Тийм учраас авлигатай тэмцэх үйл ажиллагаанд энэ итгэл найдварыг үргэлж санаж бид өмнөхөөс илүү идэвхтэй ажиллах ёстой. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг нийгмийн бүх шатанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал авлигыг хазаарлаж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Хуульд заасан үүргээ чин шударгаар хэрэгжүүлж, ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй ажиллах болно. Хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье” гэж хэллээ.

iaac

iaac

iaac