Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял шийтгэгдсэн Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал өнөөдөр боллоо.
Нийт шүүгчдийн хуралдаанаар П.Батчулуунд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эргэн сануулахад, П.Батчулууныг Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, гуравдугаар хорооллын замд зам тээврийн осолд орж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон С.А-гийн ар гэрийн хүмүүсээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч С.А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэргээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.