Т.Үйтүмэн нарын холбогдсон "Бурхан болоочийн мэдээллийг зардаг байсан" гэх хэрэгт шүүгдэж байсан Г.Одхүү нас барсан тул түүнд холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгоно

Т.Үйтүмэн нарын холбогдсон "Бурхан болоочийн мэдээллийг зардаг байсан" гэх хэрэгт шүүгдэж байсан Г.Одхүү нас барсан тул түүнд холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгоно

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2022 онд гэртээ нас барсан иргэдийн мэдээллийг Яаралтай түргэн тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнууд буяны байгууллагынханд зардаг гэх хэргийн талаарх мэдээлэл ил болж, олны жихүүцлийг төрүүлж байсан билээ. 

-ХОЁР ШҮҮГДЭГЧИЙН ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ, НЭГ ШҮҮГДЭГЧИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ САНАЛ ГАРГАЖЭЭ-

Улмаар тухайн хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж, прокуророос 2024 оны тавдугаар сарын 24-ний өдөр тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин тус хэргийг шүүх хурал удаа дараа хойшилсоор байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны /2025.04.28/ өдөр товлогдсон шүүх хурал нэр бүхий шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ирэх зургаадугаар сарын 09-ний өдөр хүртэл хойшлуулсан байна. 

Тэгвэл дээрх шүүх хурлын үеэр зарим шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, нэр бүхий шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Тодруулбал, шүүгдэгч Г.Одхүү нь нас барсан учир прокуророос хэргийг хэрэг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байна. Мөн шүүгдэгч "Дэлгэрэх ариун буян" ХХК-ийн захирал Т.Ариунжаргал, "Бат номин буян" ХХК-ийн захирал асан Б.Цолмонбаяр нар "Олон улсын оршуулгын нийгэмлэг"-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын үзэсгэлэнд оролцохоор АНУ-руу явах шаардлага гарсан гэх шалтгаанаар Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлсэн байна. 

-Т.ҮЙТҮМЭН "БАРУУН ТҮМЭН БУЯН" КОМПАНИАРАА ТАЛИЙГААЧИЙН ШАРИЛЫГ ЗӨӨХИЙН ТУЛД ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАНД ХАХУУЛЬ ӨГСӨН ГЭХ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ-

Тэгвэл "Бурхан болоочийн мэдээллийг хуралддаг байсан" гэх хэрэгт Монгол Улсын Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн шүүгдэж байгаа нь өдгөө ч олны анхаарлыг татаж буй юм. Тэгвэл Т.Үйтүмэн тус хэрэгт хэрхэн холбогдов гэдгийг сөхөж үзлээ. 

Тэрбээр "Баруун түмэн буян" ХХК гэх буяны үйлчилгээ үзүүлдэг компанитай аж. Тус компани нь Т.Үйтүмэн болон эхнэр О.Отгонжаргалынх нь нэр дээр бүртгэлтэй байдаг байна.

Тэрбээр тухайн үйл ажиллагааг явуулахдаа хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 22.5.1 хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” хэрэгт буруутгагдаж байгаа аж.

Тодруулбал,  Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн албан тушаалтнуудаас гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийнх нь гэрийн хаягийг авч, улмаар талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт хүргэж өгсөн үйлчилгээний төлбөрийг ар гэрээс авдаг байсан аж. Ийнхүү талийгаач нарын шарилыг зөөж, өөртөө давуу байдал олж авахын тулд дээрх албан тушаалтнуудад хахууль өгдөг байсан гэх хэрэгт холбогдсон байна. Албан бус мэдээллээр буяны компаниуд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга асан С.Ариунболд, Шуурхайн удирдлагын төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан Т.Бат-Идэр нарын эмч нарт 100 сая төгрөгийн хахууль өгсөн нь тогтоогдсон аж. Тус хэргийг шүүх хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.