Жолоодож явсан тээврийн хэрэгслээс нь чонын мах, эд эрхтэн гарсан тул хариуцлага хүлээлгэжээ

Жолоодож явсан тээврийн хэрэгслээс нь чонын мах, эд эрхтэн гарсан тул хариуцлага хүлээлгэжээ

Гарал үүслийн тодорхойлолтгүйгээр ан, амьтны эд, эрхтэнг тээвэрлэсэн нь зөрчил мөн болохыг шүүхээс тогтоожээ. Энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг тойм мэдээлэл бичсэн байна.

Тус мэдээлэлд "Иргэн У нь өөрийн танил А-гийн автомашиныг жолоодож, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэх үүрэг хүлээж, 400.000 төгрөг авахаар амаар тохиролцсон. Тухайн тээвэрлэсэн ачаанд чонын мах, эд эрхтэн байсан нь Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэх үед хийсэн шалгалтаар илэрч “гарал үүслийн тодорхойлолтгүйгээр амьтны эд эрхтэнг тээвэрлэсэн” зөрчил гаргасан гэх үндэслэлээр 300.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Прокуророос “...тээвэрлэгч нь иргэн У биш харин тээврийн хэрэгслийн өмчлөгч А бөгөөд иргэн У тухайн ачааг ачаагүй, тээвэрлэсэн ачаанд чонын мах байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан” гэж, Иргэн У “...уг ачаанд чонын мах, эд эрхтэн байсныг мэдээгүй, зөвхөн ачааг тээвэрлэн ирэхээр тохиролцсон” гэж, улсын байцаагч “...гарал үүслийн тодорхойлолтгүйгээр чонын мах, эд эрхтэн тээвэрлэсэн буруутай” гэж тус тус маргажээ. Шүүхээс прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн. Учир нь амьтны эд, эрхтэнг тээвэрлэх тохиолдолд заавал гарал үүслийн тодорхойлолт авах шаардлагатай ба ачааг тээвэрлэн хүргэж байгаагийн хувьд иргэн У нь тээвэрлэгч этгээд мөн тул тээвэрлэж буй ачааны нэр, төрөл, түүнчлэн хориотой, эсхүл аюултай ачаа тээвэрлэж буй эсэхийг шалгах, мэдэх, улмаар дагалдах баримт бичгийг шаардан авах үүрэгтэй.

Энэ үүргээ иргэн У хэрэгжүүлээгүй, “тухайн ачааг ачаагүй тул дотор нь юу байгааг мэдээгүй” гэх тайлбар нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн иргэн А нь машиныг жолоодоогүй тул тээвэрлэгч биш. Иймд иргэн У-г ан, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолтгүйгээр ан, амьтны эд, эрхтэнг тээвэрлэсэн зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.