ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс цагаатгасан ч, прокуророос Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Улсын дээд шүүхээр ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн гомдлыг энэ сарын 8-нд хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж, шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Эргэн сануулахад, Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авсан. Улмаар санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.