УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаярын биед халдаж, гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны /2025-03-27/ өдөр Төрийн ордонд гарсан.
Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байсан юм. Тэгвэл тус хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаасан байна.
Тодруулбал, хохирогч гэгдэж байсан Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаад гомдол гараагүй бөгөөд Шүүх шинжилгээний байгууллагад үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгохоос татгалзсан байдаг. Энэ ч утгаараа цагдаагийн байгууллагаас тухайн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, саналаа прокурорт хүргүүлээд байсан юм. Харин прокуророос уг хэргийг хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан цагдаагийн мөрдөгчийн саналыг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Боловсролын сайд П.Наранбаярын нүдийг хөх болтол цохиж, хоёр оёдол тавих хэмжээнд хүргэсэн УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн үйлдлийг хэрэг биш гэж үзжээ.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь Боловсролын сайд П.Наранбаярыг нэр бүхий их сургуулийн ректорыг чөлөөлж, томилох асуудлаас болж, цохисон гэдгийг тухайн үед хамт байсан эх сурвалж мэдээлдэг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь нэгэн их сургуулийн ректорын чөлөөлж, томилох саналыг Боловсролын сайд П.Наранбаярт тавьсан бөгөөд тэрбээр "Хуулийн шаардлага хангахгүй, нам, улс төрөөс шалтгаалж томилгоо хийхгүй" хэмээн түүний саналыг хүлээж аваагүй гэдэг. Үүнээс үүдэж, тэд маргалдаж, нэгнийхээ биед халдсан гэдгийг тодотгодог юм.
Түүнчлэн Боловсролын сайд П.Наранбаяр "Би Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Харин эмнэлэгт очиж хоёр ширхэг жижигхэн юм (оёдол) тавиулсан.
Миний биед халдсан асуудлууд гарч байна. Гэхдээ тэрэнд бодсон зүйл алга. Санамсаргүй юм болсон. Гэхдээ харилцан зодоон болоогүй" хэмээж байсан бол УИХ-ын гишүүн Б.Найдалаа "П.Наранбаяр сайд бид хоёрын хооронд үүссэн асуудлаар ардын аман зохиол шиг ташаа мэдээлэл гадуур явсан байна. Зодоон цохион болсон асуудал огт байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт манай намын зөвлөгөөн болсон. Жижиг сажиг маргаан энэ үеэр болсон. Гэхдээ зодоон зохион болсон зүйл болоогүй. Би цохиогүй. Хүний нүд рүү санамсаргүй хуруугаа хийдэг шүү дээ. Тийм л зүйл болсон. УИХ-ын гишүүний ёс зүй болон гэмт хэргийн шинжтэй зүйл огт болоогүй" гэх тайлбарыг өгсөн байдаг.
Ямартай ч энэ удаад УИХ-ын гишүүн Б.Найдалаад холбогдох зодооны "хэрэг" хаагдав. Харин тэрбээр удахгүй "Хөгжлийн банкны хэрэг"-ээр шүүгдэх юм.