Сүүлийн жилүүдэд манай улсад цахилгаан дугуй (суррон), скүүтер зэрэг шинэ төрлийн цахилгаан тээврийн хэрэгслүүд эрчимтэй нэвтэрч, тэдгээртэй холбоотой осол, гэмтлийн тоо нэмэгдсээр байгаа юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ) яаралтай тусламжийн тасгаар өдөрт дунджаар 60-70 хүн цахилгаан тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлээр ханддаг байна.
-
2021-2024 оны хооронд Монгол Улсад цахилгаан дугуй, скүүтер, мопедтой холбоотой нийт 887 осол, гэмтэл бүртгэгджээ.
-
2024 онд гэхэд л ийм төрлийн 532 осол бүртгэгдсэн байна.
-
Эдгээрийн 93 хувь буюу 495 нь нийслэлд, 91.2 хувь нь буюу 485 тохиолдол ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ.
-
Осолд өртсөн иргэдийн 67.1 хувь нь (357 хүн) эрэгтэй, 32.9 хувь нь (175 хүн) эмэгтэй байна.
-
Эрэгтэйчүүдийн дунд 15-19 насныхан, эмэгтэйчүүдийн хувьд 5-9 насныхан хамгийн их өртсөн байна.
Нас баралтын талаарх мэдээлэл
-
2024 онд цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой ослоор 3 хүн амиа алдсан.
-
Цахилгаан дугуйтай холбоотойгоор 17 эмэгтэй, 34 эрэгтэй онхолдсон бөгөөд Шүүх шинжилгээний байгууллагын мэдээлснээр хоёр хүн нас барсан. Эмнэлзүйн онош нь биеийн олон хэсгийн гэмтэл байсан.
-
Мөн 50 эмэгтэй скүүтерт мөргүүлж гэмтсэн, нэг хүн амь насаа алдсан. Онош нь субдурал (тархины цус харвалт) байжээ.
-
Мопед, суррон, скүүтерээс унаж бэртсэн – 72.0%
-
Автомашинд мөргүүлсэн – 17.5%
-
Явган зорчигч скүүтерт мөргүүлсэн – 9.0%
-
Цахилгаан тээврийн хэрэгсэлтэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн – 1.5%
Тухайн шалтгаант ослын үед толгой 22.6 хувь, тохой ба шуу 21.1 хувь, өвдөг ба шилбэ 18.4 хувь зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна. ГССҮТ-ийн мэдээлснээр 24 цагийн дотор нийт 600-700 хүн тусламж авдаг бөгөөд үүний 10-20 хувийг цахилгаан тээврийн хэрэгслээс үүдэлтэй гэмтэл эзэлдэг. Энэ нь өдөрт 60-70 хүн гэмтэж ирдэг гэсэн үг юм. Монгол Улсад цахилгаан дугуй буюу суррон унах насны доод хязгаар 18 гэж заасан ч бодит байдал дээр энэхүү журам хангалттай хэрэгжихгүй байгаа аж. Тус төвөөс мэдээлснээр, бэртэж гэмтсэн хүмүүсийн дийлэнх хувийг 14-18 насныхан эзэлж байна.