Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, шүүхээс хоёр жил зургаан сарын хорих ял оноосон билээ. Тэгвэл Улсын дээд шүүхээр Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургадугаар сарын 4-ний 09:00 цагаас Улсын Дээд шүүх хэлэлцэхээр товложээ.
П.Батчулуун эмч хорих 429 дүгээр ангид хоригдож байсан бөгөөд тавдугаар сарын 22-нд бие нь муудаж түргэн тусламжаар III эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед түүний охин Б.Хонгорзул цахим хуудастаа “Олон өвчин хавсарсан, сүрьеэгээр өвдсөн аав маань зүрхний үйл ажиллагаа алдагдсанаар өнөөдөр түргэнээр III эмнэлэгт хүргэгдчихлээ" гэсэн юм.
Хэргийг сануулахад, 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан А-гийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмгөний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэрэгт буруутгагдсан.