УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар нь Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрсөн 2024 оны сонгуулийн үеэр гарсан билээ.
Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, прокуророос П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар ялласан.
Харин Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэж, анхан шатны шүүх П.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна хэмээн үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн 10.1.1 дэх хэсэгт заасан "Хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн хэмээн түүнд оноосон 15 жилийн хорих ялыг 10 жил болгон бууруулж, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр магадлал гаргасан байдаг.
Тэгвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох талийгаач Б.Баянмөнхийн эхнэр С.Дэлгэртуяа Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна.
Тэрбээр Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаар магадлалтай, П.Отгонбаатарт холбогдох хэрэгт гомдол гаргаж, Улсын дээд шүүхэд хандсан байна. Түүний гомдлыг хэлэлцэх эсэхийг Улсын Дээл шүүх энэ сарын 05-ны өдөр хэлэлцэхээр товложээ.