О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулсан нь ард иргэдийг төөрөгдүүлсэн үйлдэл

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулсан нь ард иргэдийг төөрөгдүүлсэн үйлдэл

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнгөрсөн сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн Хуулийн 44-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг 92,9 хувийн ирцтэйгээр хэлэлцэж, нийт гишүүдийн олонхын саналаар АН гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцохгүй гэж шийдвэрлэлээ. Санал хураалтад орохгүй байх нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэсэн улс төрийн шийдвэр юм. Үндэслэл нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө болон хамаарал бүхий этгээдийн орлогоо нотлохыг шаардсан иргэдийн шаардлагад хариулахын оронд өөрт итгэл үзүүлэх асуудлыг Монгол Улсын Их хуралд оруулж ирж байгаа нь ард иргэдийг төөрөгдүүлж, парламентыг талцуулж буй зарчимгүй үйлдэл гэж үзлээ. МАН-ын бага хурлаар АН-ыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Энэ бол хамтарсан засгийн газар байгуулах улс төрийн төлөөллийн байгууллагуудын гаргасан шийдвэр, хамтран ажиллах шийдвэрийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл юм. АН-ын бүлэг хамтарсан засгийн газар мега төсөл хөтөлбөрүүдийг томоохон бодлого, шийдвэрийг бүгдийг нь шийдэж ирсэн билээ. Цаашид АН иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, хариуцлагатай төр засаг байгуулж тогтвортой ажиллах чиглэлээр идэвхтэй ажиллана" гэв.