"Реппер 113"-ын "Зуны зугаа" шоу тоглолт өнгөрсөн амралтын өдөр /2025.05.31/ Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тус тоглолтын үеэр зарим үзэгчид архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хүйтэн мэсээр нэгнийхээ биед халдаж, гэмтээсэн ноцтой хэрэг гарсныг өдгөө хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгаж байгаа билээ.
Тэгвэл тус тоглолтыг зохион байгуулсан зарим нэр бүхий хүмүүсийг хар тамхины хэргээр хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн жил хар тамхи, мансууруулах төрлийн бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн хэргээр шүүхээс баривчилж, албадан эмчилгээнд хамруулах шийтгэл хүртэж байсан Гүрвэл буюу реппер 113 нэрээр уран бүтээл туурвидаг артист н.Очирваани нь "Зуны зугаа" шоу тоглолтынхоо үеэр хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Тиймээс реппер 113-ыг өдгөө хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Түүнчлэн, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал мөн л өнгөрсөн амралтын өдөр болсон “Сургууль минь баяртай” тоглолтынхоо үеэр хар тамхи, мансууруулах төрлийн бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй гэх хэргээр шалгагдаж эхэлжээ.
Одоогоор дээрх нэр бүхий хүмүүсийг сэжигтнээр тооцон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Эргэн сануулахад, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал өмнө нь буюу 2016 онд мансууруулах бодис хэрэглэж, улмаар шүүхээс түүнд хоёр жил хорих ял оноосон бөгөөд үүнийг нь тэнсэн харгалзахаар болж байсан юм. Ингэхдээ шүүхээс "Хар тамхитай тэмцэж, олон нийт хүүхэд залуучуудад хар тамхийг буруу зүйл гэдгийг ухааруулж ойлгуулах ажлуудыг санаачлан хийгээрэй" хэмээн итгэл хүлээлгэснээр түүнд оноосон хоёр жилийн хорих ялыг тэнссэн байдаг. Улмаар Х.Бат-Ундрал нь 2017 онд хар тамхитай тэмцэх хөдөлгөөнийг эхлүүлж challenge зарлаж байсан нэгэн юм.
Б.МӨНХСАЙХАН