Жүдо бөхийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар Улсын Будапешт хотод үргэлжилж байна. Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 93 орны эрэгтэй 294, эмэгтэй 262, нийт 556 жүдочин өрсөлдөж байгаа юм.
Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлж, Э. Ариунболд -60кг, К.Ёолк -60кг, Ё.Басхүү -66кг, Б.Эрхэмбаяр -66кг, Л.Анхзаяа -73кг, О.Уранбаяр-73кг, О.Шинэбаяр -81кг, Б.Хүдэрчулуун -100кг, Б.Гончигсүрэн +100кг, Г.Наранцэцэг -48кг, Ж.Анударь -48кг, Л.Сосорбарам -52кг, Т.Ариунзаяа -57кг, Л.Энхрийлэн -63кг, Б.Ганхайч -63кг, Д.Есүй-70кг, Б.Ням-Эрдэнэ -70кг, А.Адъяасүрэн +78кг, ХОЛИМОГ БАГТ Ц.Ган-Эрдэнэ -90кг, Д.Номинзул +78кг нар оролцож байна.
Тэгвэл уг тэмцээнийн 60 кг-ийн жинд К.Ёолк хүрэл медаль хүртэж, медалийг УИХ-ын гишүүн, МЖБХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулжээ. Х.Баттулга нь сүүлийн үед чуулганы хуралдаандаа огт суухгүй байгаа бөгөөд дан гадаад томилолттой гэж мэдүүлж байгаа. Улмаар түүнд хариуцлага тооцох талаар ч дахин яригдаж буй.
Дахин гэсний учир нь Намрын чуулганы хуралдааныг тасалсан тоогоор тэргүүлсэн Х.Баттулга гишүүнд Ёс зүйн байнгын хороо хариуцлага тооцож, 6 сарын цалинг 20 хувиар хасах шийтгэл оногдуулсан. Тэгвэл хаврын чуулганы хуралдаандаа ч суухгүй байгаа тэрбээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэх үеэр ордонд нэг удаа харагдсан ч чуулганы хуралдаа суугаагүй. Улмаар Будапешт хотноо болж буй жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээнийг үзэж, медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулж буй бичлэг нь цацагдлаа.