Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт Засгийн газарт хамтран ажиллах талаар зөвшилцөх саналыг хүргүүлсэн бичиг өчигдөр /2025.06.17/ ил болсон.
Уг бичигт “Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал үргэлжилж худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл хангаж ажиллах нь энэ цаг үед туйлын чухал юм” гэсэн байдаг.
-ӨНӨӨДӨР ХҮН, ИЗНН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ ХУРАЛДАЖ ЗАСГИЙН ГАЗАРТ ХАМТРАХ ЭСЭХЭЭР АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭРИЙГ ГАРГАНА-
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилоод 5 хонож байна. Гэвч энэ хугацаанд тэрбээр улс төрийн тохироогоо хийж чадахгүй байгаа учир одоог хүртэл Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн бариагүй байгаа юм. Өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барих болов уу гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд байна. Ямартай ч өчигдрийн байдлаар тэрбээр хамтарсан Засгийн газрыг байгуулж ажиллах нь тодорхой боллоо. Тэрбээр ганц ИЗНН ч бус Ардчилсан намаас бусад парламентад суудалтай улс төрийн намууд болох ХҮН-ын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр нарт хамтарсан ажиллах саналыг мөн явуулсан гэх мэдээлэл байна. Тэд аль хэдийн ажиллах яамдаа ч тодорхой болгож.
Эх суралжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний эвсэлд нэг суудал буюу Н.Номтойбаярыг Шадар сайдаар, ХҮН намд хоёр суудал буюу Т.Доржхандыг одоогийн ажиллаж буй Шадар сайдад нь хэвээр үлдээж нэмээд Б.Найдлааг Эрчим хүчний сайдаар, ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллуулахаар тохирчээ. ХҮН нам П.Наранбаярынхаа оронд Б.Найдалаагаа оруулж ирж Эрчим хүчний яамыг авах нь.
Эдгээр намын удирдах бүрэлдэхүүн өнөөдөр /2025.06.17/ хуралдаж Засгийн газарт хамтрах эсэхээ эцсийн байдлаар тодорхой болгох юм. Дээрхээс гадна яамгүй сайд нарыг хасаж орон тоогоо цомхотгоно гэж буй. Яамгүй сайд гэдэг нь Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан Шадар Сайд, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга гэсэн сайдыг ажиллуулахгүй гэсэн үг. Ингээд 16 яам, өөрийгөө оролцуулаад 19 сайдтай ажиллах бололтой. 19 сайдын дөрвийг ХҮН, ИЗНН, Үндэсний эвслээс сонгоод үлдсэн 16 сайдын 60 хувийг хуучин сайд нараасаа бүрдүүлэхээр болсон байна. Харин үлдсэн 40 хувьд хоёр сонгогдсон залуу гишүүдээс сонгох нь.