Засгийн газрын өнөөдрийн /2025.06.20/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүллээ. Засгийн газар өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлье, данхар бүтцийг дарга нараас эхлэн цомхотгоё, төрийн албыг цомхон чадварлаг бүтээмжтэй болгох зорилго тавьж байгаа юм. Орчин үед технологийн дэвшлийг ашиглаж илүү бүтээмжтэй, илүү цомхон ажиллах бололцоотой болсон. Энэ хүрээнд 19 сайдтай ажиллах гэж байна. Мөн 60 орчим үндэсний хорооны 50 хувийг татан буулгана. Яамдын бүтцийн цөөн, чадварлаг илүү цомхон болгохын тулд орон тоог цөөлөх асуудлыг авч хэлэлцэж байна. Яам, агентлаг, газар, хэлтсийн дарга нар маш хүнд сурталтай, гарын үсгээ үнэлдэг, авлигал шан харамж авч иргэдийг чирэгдүүлдэг. Тиймээс илүү мэргэшсэн хариуцлагатай болгох шийдвэрийг гаргаж байна.
16 яаманд 1900 орчим ажилтан ажиллаж байна. Үүнийг 20 орчим хувиар бууруулна. Цаашид төрийн өмчит компаниуд, агентлагууд зэрэг шат, шатанд нь өөрчлөлт хийнэ. Төрийн өмчит 108 компанийг 70 болгох асуудлыг нягталж үзнэ.
Мөн Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд стратегийн ордуудын тодорхой хувийг төр эзэмшиж ард иргэддээ үр өгөөжийг өгөх ажлыг өмнөх Засгийн газар хэрэгжүүлсэн. Энэ ажлын үр дүнг хэлэлцэж, алдаа оноо байвал засч, удаашралтай ажлыг яаравчлуулах зорилготой ажлын хэсгийг байгуулахаар боллоо” гэлээ.
ВИДЕО: