УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүн Засгийн газар дэд сайдтай байх эсэхийг Ерөнхий сайдаас тодрууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэд сайдын асуудал хуульд байгаа. Өмнөх Засгийн газрын үед ч орон тоо, төсөвтэйгөө байсан. Хэл ам, шүүмжлэлээс айгаад томилоогүй юм билээ. 10-20 хүний төсвийг хэмнэснээс тэднийг ажиллуулаад 1,000-2,000 хүний ажлыг хийлгэж, үр ашигтай байлгаж болно шүү дээ. Гадаад харилцааны сайд гадагшаа явсан үед зочин ирвэл түүнийг орлох хүн байх ёстой. Ямар ч компанийн удирдлагын нэгжид орлох хүн заавал байдаг. Засаг дарга ч орлогчгүй бол ажил нь явдаггүй. Дэд сайдын асуудал хуульд ч бий, төсөв, орон тоо нь ч байгаа. Орлогч сайд бол дэлхийн бүх улсад байдаг орон тоо. Нэгээр ч тогтохгүй байдаг. Энэ бол улс төрийн албан тушаал. Хэмнэх гэхээсээ илүү бодит үр ашгаа тооцож Засгийн газрын хуралдаан болон УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж шийдэх ёстой гэж үзэж байна" гэв.