Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд АН-аас тавьсан шаардлагуудыг МАН дэмжихгүй байгаа талаар байр сууриа илэрхийллээ.
Тодруулбал, тэрбээр “Хяналтын түр хороог ихэвчлэн парламентын цөөнхөөс байгуулдаг. Учир нь УИХ-ын цөөнхөөс санал гаргадаг болохоор. Уг асуудлыг санаачилсан гишүүнээр нь удирдуулах ёстой. Хүн сэдэв сонгоод, судалгаа хийгээд явж байгаа бол ард нь гарна гэсэн үг. Тэгвэл, ард нь гарах сонирхолгүй, судалгаагүй, өөр сонирхол үйлчилж болох хүнээр сонсгол болон хяналтын түр хороог удирдуулж болохгүй. Нэг сэдэв хөндөхөөр попорч гарч ирээд алга болчихдог. Парламентын хяналтыг үр дүнтэй болгохын тулд өөрчлөлт хийхээс өөр аргагүй. МАН-ынхан бол дэмжсэнгүй тэхдээ дундын хувилбар гаргаж, гэрээ хэлцэл хийгээд парламентаас ямартай ч гарах байх.
Засгийн газрын бөгс толгой солигдсон. Эхлээд томилгоо хийчхээд, бүрэлдэхүүн нь араас нь орж ирж байна. УИХ-ын бүрэн эрхийг алгасах гэж эсвэл тойрч орох гэж байгаа зальтай Засгийн газар гэж харж байгаа. УИХ-ын хаалгаар толгойгоороо биш бөгсөөрөө чихээд байна гэсэн үг. УИХ жоохон зангаргатай байсан бол зарчим ярьж зөв болго гэх ёстой. АН бүлэг дотроо нухацтай ярихгүй бол энэ янзаараа УИХ-ын тоглоом боллоо. Зарим шийдвэр мэдэгдэхгүй түрүүлээд гарсан байна. Тэр шийдвэрээ та нараас асуух албатай юу гэдэг өнгө аястай ярьж байгаа Засгийн газартай бид яаж ярилцах вэ гэдэг үүднээс завсарлага авсан” гэв.
LIVE: